Categories
мэдээ цаг-үе

Хүнсний аюулгүй байдлын асуудлаар үндэсний зөвлөгөөн болно DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх эхлэлийг тавих, хүнсний сүлжээнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг эрэлхийлэх зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болно.

Үндэсний зөвлөгөөнийг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар үг хэлэх бөгөөд хүнсний салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөлөгч нар оролцож илтгэл хэлэлцүүлэх юм.

Мөн уг зөвлөгөөний хүрээнд Сүхбаатарын талбайд хүнс үйлдвэрлэгч компани, ААН-үүдийн шинэ бүтээгдэхүүний хямдралтай, урамшуулалттай үзэсгэлэн худалдаа болж буй юм. Өчигдөр буюу энэ сарын 6-нд эхэлсэн уг үзэсгэлэн худалдаа энэ сарын 8-ныг дуустал үргэлжилнэ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад буй юм. Монгол Улс өнөөдрийн байдлаар мах, улаан буудай, гурил, төмсний хэрэгцээгээ л дотоодоосоо 100 хувь хангадаг. Тиймээс ирэх таван жил 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болох зорилт тавьж уг тогтоолыг боловсруулсан юм. Уг зорилтыг хэрэгжүүлэхэд ирэх таван жилд нийт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоолол гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *