“Хүннү: Археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн Эртний түүхийн танхимд нээгдээд байгаа билээ.
Тус үзэсгэлэнгээр 2000 жилийн өмнөх Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүннү гүрний ихэс дээдэст холбогдох язгууртны булшнаас илэрч олдсон археологийн баялаг олдвор хэрэглэгдэхүүний үр дүнг танилцуулж буй юм.
Энэ удаад ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс сав суулга, шавар ваарыг танилцуулж байна. Малтлагын үеэр Хүннүгийн язгууртны оршуулгын бунхны хойд хэсэг ихэнх тохиолдолд сав суулга, шавар ваар тавьсан байдаг нь идээ, ундны зүйлсийг дагалдуулдаг тогтсон зан үйл байсныг гэрчилнэ.
Хүннүгийн шавар ваарыг ерөнхийд нь эх биеийн голчтой тэнцэхүйц том, задгай амсартай хотго, харьцангуй жижиг амсар, нарийн хүзүүтэй бутан хэлбэртэй хэмээн үндсэн хоёр ангилалд хамааруулдаг.
Хотго хэлбэрийн ваарны гадаргууд ихэнхдээ хөө тортог тогтсон байдаг тул ийм ваарыг тогоо болгон ашиглаж байсан, эсвэл хуурай зүйл хадгалах зориулалттай, харин бутан хэлбэрийн ваарыг шингэн зүйл хийх зориулалттай хэмээн үздэг байна.
Хүннү: Археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэн гуравдугаар сарын 1 хүртэл Монголын Үндэсний музейд гарах юм.