Гадаадын урлаг соёл, спортын одуудын дүрс бүхий сувинерыг бид бишгүй л харж байсан. Тэгвэл ийм төрлийн үйлчилгээ Монголд нээгджээ. Тодруулбал, хүссэн хүн болгон өөрийнхөө дуурайлган хийсэн сувинертэй болох боломжтой болсон гэсэн үг. Энэ төрлийн үйлчилгээг “3D photo print” студи явуулж эхэлжээ. Монголдоо анхдагч болж буй дээрх студийн үйл ажиллагааг сонирхохоор “Улаанбаатар их дэлгүүр”-ийг зорилоо. Тус дэлгүүрийн В1 давхарт байрлах уг студид очих үед захиалга өгөхөөр хэдэн хүн ирсэн байв. Тэд энэ талаарх мэдээллийг нэгэн танилаасаа сонссон гэнэ. Залуус нэгнийхээ төрсөн өдөрт гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж өвөрмөц сонголт хийхийг хүсч байгаа талаараа студийн эзэнд хэлж байв.
Ингээд “3D photo print” студийн захирал Э.Түвшинтөгсөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Студийнхээ талаар танилцуулаач. Хэзээнээс энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэв?
-Манайх Монголд анх удаа 3D скан болон принт үйлчилгээ явуулж байна. Өнгөрсөн есдүгээр сарын 7-нд нээлтээ хийж, үйл ажиллагаа маань ерөнхийдөө жигдэрч байна.
-Тэгэхээр хүссэн хүн болгон өөрийнхөө жижгэрүүлсэн хүүхэлдэй хэлбэрийг хийлгэх боломжтой юу?
-Тэгэлгүй яахав. Та манайд захиалга өгснөөр бид тантай адилхан сувинерийг хийж өгнө. Ер нь энэ төрлийн үйлчилгээ Монголоос бусад оронд аль хэдийнэ нэвтэрчихсэн шүү дээ. Манай нөхцөлд л өнөөдөр анхдагч гэж байгаа болохоос биш.
-3D сувинерийн онцлог юундаа байна вэ?
-Монголд уламжлалт гар баримлын бүтээл хийдэг хүмүүс олон бий. 3D фото бол уламжлалт баримлаас цаг хугацааны хувьд хурдан гарах, үнэ төлбөрийн хувьд хямд, дээр нь орчин үеийн техник технологийг ашиглаж байгаа гэдэг утгаараа давуу талтай юм.
-Үйлчлүүлэгч хэр их байна?
-Хүмүүс 3D гэхээр их гайхаж, өөрийн биеэр ирж сонирхож байна. Найз нөхдийнхөө төрсөн өдрөөр өөрийнх нь сувинерийг бэлэглэж гэнэтийн бэлэг барих гэсэн юм гэж их ханддаг. Мөн эцэг, эхчүүд хүүхдийнхээ сувинерийг хийлгэж автомашиныхаа урд байршуулж, байнга харж явмаар байна гэж захиалга өгдөг гэв.
Энэхүү студийн хувьд таны зургийг 3D скайнераар нарийн хэмжээстэй авна. Үүний дараа компьютерт тусгай программаар засч янзлаад хэвлэх принтерт өгнө. Жишээлбэл та туранхай, гуалиг гарахыг хүсвэл засч өгнө гэсэн үг. Мөн хувцасны өнгө, хэлбэр хээг ч үйлчлүүлэгчийн хүсэлтээр өөрчилж болох талаар зураач Г.Энхтайван ярьсан. Дүрс хэвлэгдээд 3D принтерээр гарч ирэхэд нь нүүр царай болон хувцасны өнгийг зураач тодруулж будаж бэлэн болгодог байна.
Биднийг очих үеэр нэгэн эмэгтэй өөрийнхөө дүрсийг цэвэр мөнгөөр хийлгэхийг хүсч байсан. Гадны орнуудад ийм төрлийн сувинерийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр цэвэр алт, мөнгө, үнэт эдлэл, шилэн бүтээгдэхүүнээр хүртэл хийдэг юм байна. Харин манайд хараахан ийм төрлийн сувинер гаргах боломжгүй талаар Э.Түвшинтөгс хэлсэн. Тус студи одоогоор пластик материалаар хийж байгаа аж. Энэ нь арай хямд тусдаг байна.
Хэрэглэж буй скайнер, принтерээ Америкаас оруулж ирсэн бөгөөд одоогоор Э.Түвшинтөгс эхнэр Б.Анхбаяр, зураач Г.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж. Одоохондоо тэр болгон хүмүүс мэдэхгүй учраас ачаалал багатай байгаа бололтой. “Улаанбаатар их дэлгүүр”-ийн түрээсэлж буй байранд багтахгүй учраас өөр газар үйлдвэрийн хэсгээ байршуулж байгаа талаар ч студийнхэн ярьж байсан. Э.Түвшинтөгсийн хувьд “Хүрээ” дээд сургуулийг 3D мульти медиа буюу график, дизайнерын чиглэлээр төгссөн бөгөөд өмнө нь телевизийн салбарт энэ мэргэжлээрээ ажилласан туршлагатай юм байна. Тэрээр 2012 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний Монгол дахь рекламны анимэйшнийг 3D программаар бүтээж байжээ. Бага насны хүү хашаанаасаа гараад хөлбөмбөг тоглодог реклам байдаг шүү дээ.
Өөрийнхөө сувинерийг хийлгэхдээ заавал бүтэн биеэрээ гарах албагүй. Биеийнхээ толгой, эсвэл цээж хэсгийг ч хийлгэж болно. Ихэнхдээ залуус бие нь жижиг, толгойг нь томруулсан хөгжилтэй хэлбэрийг илүүд үзэх болжээ. Бидэнтэй таарсан залуус найзынхаа фото зургийг өгөөд, сансрын нисгэгчийн хувцастай хийлгэхээр захиалга өгөв. Мэргэжлийн онцлогийг илтгэсэн янз бүрийн хувцастай хийлгэж болно гэнэ. Ингээд дараагийн үйлчлүүлэгч ирлээ. 20 гаруй насны эмэгтэй байх бөгөөд тэрээр давхар биетэй юм байна. Сүүлийн үед давхар биетэй эмэгтэйчүүд гэдсээ гаргасан зураг авахуулах моод дэлгэрээд байсан. Тэгвэл давхар биетэй сувинер хийлгэх шинэ моод дэлгэрч байгаа бололтой. Тэрээр “Ийм тохиолдол ховор шүү дээ. Тиймээс хэзээ ч мартагдахгүй энэ сайхан дурсамжийг санахын тулд 3D хэлбэрээр өөрийгөө хийлгэхийг хүсч байна” гэв. Сувинерийг 15-60 см өндөртэй хийлгэж болох бөгөөд хэмжээнээсээ шалтгаалаад үнийн хувьд харилцан адилгүй. Ийм сувинерийн үнэ 45 мянган төгрөгөөс эхлэх юм байна. Ингэхдээ толгойгоо томруулж хийлгэсэн тохиолдолд ажиллагаа их ордог учраас арай үнэтэй хийдэг гэсэн. Мөн зарим үйлчлүүлэгчид тэжээвэр амьтдаа 3D хүүхэлдэй хэлбэрээр хийлгэхийг хүсдэг. Гэвч амьтад байнга хөдөлгөөнтэй байдаг учраас хийх боломжгүй гэнэ. Учир нь 3D скайнераар эхлээд зургаа авахуулахын тулд тодорхой хугацаанд ямар ч хөдөлгөөнгүй зогсох юм байна. Түүнчлэн фото зурагнаас 3D сувинер буюу хүүхэлдэй хийж болох юм байна. Ингэхдээ нарийн хэмжээс хэрэгтэй учир аль болох олон зураг байвал сайн гэнэ.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН