Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүний сайхан сэтгэл

Хубилай хааны элч нар хэлэлцээр хийхээр ирснийг тухайн үеийн япончууд үл ойшоож цаазалсан гэдэг. Таван элчийн нэг нь монгол бусад нь солонгос, хятад цэрэг байж л дээ. Хожим 1925 онд хүний нутагт цаазлагдсан элч нарыг өрөвдсөн Сүзүки Хаяатосу хэмээх япон лам цаазын газартай ойр байсан өөрийн сүмдээ тэдний сүнсийг аргадаж, хөшөө босгосон гэнэ. Японд амьдардаг найз маань энэхүү өр өвдөм түүхийг ярьж өгсөн юм. Тэр энэхүү хөшөөг зорин очиж, өрөвч ламд талархсан сэтгэлээ илэрхийлсэн гэнэ лээ. Жёоружи хэмээх уг сүм Токиогоос холгүй Канагава мужийн Фүжисава гэдэг хотод байдаг.

2004 оны есдүгээр сарын 7-ны өдөр Япон дахь Монголын Элчин сайд энэ сүмд очжээ. Түүнээс хойш жил бүр есдүгээр сарын 7-нд Элчин сайд ирж хүндэтгэл үзүүлдэг болсон гэсэн. Энэ түүхийг сонсоод сэтгэл өвдөж билээ. Харьд цаазлагдсан Монголын элч нарыг өрөвдөж, он цаг мянганаар урсан өнгөрсөн ч тэдний сүнсийг аргадсан хүний сайхан сэтгэлийг биширсэн юм. Өмнөх үеийнхэн нь алдаа гаргаж болно. Гашуун сургамж, мунхаг үйлдэл аль ч улс орны түүхэнд бий. Харин түүхийн хар цэгийг эерүүлж, цайруулж байдаг сайхан сэтгэлт хүмүүс энэ ертөнцийг аварч, зөөллөж байдаг гэлтэй. Сүзүки Хаяатосу шиг эгэл баатруудын хүчээр хорвоо эргэж байдаг юм.

Б.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *