Categories
мэдээ улс-төр

Хүний хөгжлийн санг татан буулгана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай болон
холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч
саналуудтай холбоотойгоор хэлэлцүүлгийг түр зогсоолоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай
хууль батлагдсанаар Хүний хөгжил санг татан буугдах юм. Үүнтэй
холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Хүний хөгжил сан их хэмжээний
өртэй байгаа. Дээр нь Хүний хөгжил сангаас олгодог Хүүхдийн мөнгө,
хүүхдийн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хэрхэн зохицуулах вэ.
Хаанаас ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ” гэдэгт хариулт хүсэв.

Дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн
ахлагч Р.Амаржаргалын тайлбараар бол Хүний хөгжил сангийн өр барагдтал
Ирээдүйн өв сан ачааллыг авна. Нэг ёсны гурван жил шилжилт үргэлжлэх юм
байна. Өөрөөр хэлбэл, 2018 оноос өр дууссаны дараа Ирээдүйн өв санд
хуримтлал үүснэ. Хүүхдийн мөнгө, хүүхдийн ЭМД-ын шимтгэлийг мөн Ирээдүйн
өв сангаас шилжүүлэх аж.

Одоогийн байдлаар Хүний хөгжлийн сан 1.7 тэрбум төгрөгийн өртэй юм байна.

Онцлоход, улс орон бүр байгалийн баялгийн тодорхой хувийг санд
төвлөрүүлж, түүнийг тодорхой хугацаанд зарахгүй байж, хуримтлал бий
болсны дараа шаардлагатай зүйлд хөрөнгө оруулалт хийж зарцуулдаг байна.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл нь үүн рүү зорьж байгаа юм.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэхийн өмнө
чуулганы нэгдсэн хуралдаанаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн
төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр
холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Мөн Аудитын тухай болон холбогдох
бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт
бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна. Чуулганы үдээс хойшхи хуралдааныг 14.00 цагаас үргэлжлүүлнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *