Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүний гавьяат эмч Д.Өлзийбаяр: Хөгжил буурай орноос чанар тааруу, хямд эм оруулж ирж эмийн бизнес цэцэглэж байгаа нь үнэн DNN.mn

Анагаах ухааны доктор, дэд профессор, Монгол Улсын хүний гавьяат эмч Д.Өлзийбаяртай ярилцлаа.


-Мэдрэлийн өвчин гэж ямар өвчнүүдийг хэлэх вэ. Түүнийг эмчлэхэд эмийн эмчилгээ хэрхэн нөлөө үзүүлэх вэ?

-Мэдрэлийн тогтолцооны эмгэг гэдэг бол өргөн хүрээний ойлголт. тархи, нугас, захын мэдрэлийн бүтцийн болон үйл ажиллагааны өвчнүүд багтдаг. Манай Улсын хувьд дэлхийн бусад орнуудтай ойролцоо хүн амын дунд насны бүлгээс хамаарчбүлэг бүрт тохиолдох эмгэг, тархалт өөр, өөр байдаг. Нярай хүүхдэд эхийн эрүүл мэнд, эмгэг төрөлттэй холбоотой тархины харвалт, менингит ихэвчлэн тохиолддог. Бага насны хүүхдүүдэд мэдрэлийн халдварын өвчнүүд, ухаан алдах, унаж татдаг шинжээр илэрдэг эпилепси зонхилон илэрнэ. Насанд хүрэгчдэдтархины судасны эмгэг, толгойн өвдөлтүүд,тархины харвалт, захын мэдрэлийн өвчнүүд элбэг талдаа. Нас ахих тусам танин мэдэхүйн хүрээний эмгэг, ой тогтоомж буурах буюу тэнэгрэлийн эмгэг нь түлхүү оношлогддог. Насанд хүрсэн хүн амын дунд тархины судасны эмгэг, тархины харвалтууд цөөнгүй тохиолдож байгаа нь тулгамдсан асуудал юм.тархины судасны өвчний үндсэн шалтгаанд нь артерын даралт ихсэх, чихрийн шижин, судасны хатуурал, судасны зарим гажгууд багтана. Мэдрэлийн халдварын өвчнүүд вирусын халдвар ихсэх үедилүү тохиолддог. Мэдрэлийн өвчний оношилгооны техник, технологи манай улсад сүүлийн үед эрчтэй хөгжиж, өвчнийг эрт илрүүлэх боломж сайжирч байна.Өвчнийг цаг алдалгүй эмчлэх, оношлох боломж бий болсон.

Мэдрэлийн эмчилгээний үндсэн зарчим нь нэгдүгээрт эмийн, хоёрдугаарт эмийн бус, гуравдугаарт мэс заслын эмчилгээ байдаг. Мэдрэлийн өвчний цочмог үеийн дараа сэргээн засах эмчилгээ томоохон үүрэгтэй. Мэдрэлийн өвчний эмчилгээ нь харьцангуй удаан хугацаа, хяналт, дэглэм шаарддагаараа бусад эмгэгээс ихээхэн ялгаатай. Жишээлбэл, хүн амын дунд цөөнгүй тохиолддог эпилепси (уналт,таталт, алдах шинж тэмдгээр илэрдэг) өвчний эмчилгээний дундаж хугацаа 3-5 жил. Энэ хугацаанд өвчтөн эмчийн заавраар таталтын эсрэг эмийг тасралтгүй, тогтмол уух, эмчийн хяналтад эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай. Сонгосон эмийн үйлдэл, гаж нөлөөг бусад эрхтэн тогтолцоонд учруулах хор хөнөөлийг эмч маш нарийн тооцдог. Эмийн эмчилгээ удаан хугацаагаар үргэлжлэхэд эмийн гаж нөлөөнөөс гадна эмийн хамааралт байдал үүсдэг. Тиймээс мэдрэлийн өвчний эмчилгээг эмчийн хяналтад цаг тухайд нь хийлгэж байхгүй бол өвчин даамжирч янз бүрийн үлдэц, урхаг байдал бий болох талтай. Сүүлийн жилүүдэд мэдрэлийн практикт өргөн хэрэглэдэг таталтын эсрэг зарим бэлдмэлийг мансуурах зорилгоор хэрэглэж, судас бөглөрөх, үе мөчөө тайруулах хүндрэлд хүргэж байгааг тал талдаа анхаарч, эмч, эм зүйч, эмийн жор баригчид туйлын болгоомжтой байх, тухайн эмийг хэрэглэж буй өвчтөнүүд эмээ зохистой хадгалах, бусдад ашиглах боломж олгохгүй байх хэрэгтэй.

-Мэдрэлийн эмчилгээний үндсэн зарчим нь нэгдүгээрт эмийн эмчилгээ байдаг гэлээ. Манайд эмийн чанар муу гэх зэрэг олон асуудал яригддаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Бид өвчтөнүүддээ аль болох гаж нөлөө багатай, олдоц сайтай эмүүдийг сонгодог бөгөөд эмчилгээний үр дүн хэрэглэж буй эм, бэлдмэлийн чанараас шууд хамаардаг. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар эмийн чанар, үнийн өсөлтийг шинжлэн судлах нээлттэй сонсголоор хараат бус шинжээчид болон олон нийт санаа бодлоо илэрхийлсэн. Хэрэглэж байгаа зарим эмүүд чанар муутай, үр дүнгүй, үнэ хэт өндөр байгаа тухай нээлттэй сонсголоор ил болсон. Энэ нь амьдрал, практик дээр бидэнд өдөр тутам ажиглагдаж байгаа асуудал. Чанарын шаардлагад хүрэхгүй эм бэлдмэлүүдийг хэрэглэхэд үр дүн муу байгаагаас тунг нэмж уух, хугацааг сунгах зэргээс үүдсэн эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирлын хэмжээ их байгаа нь ажиглагддаг. Тийм учраас манай мэдрэлийн практикт хэрэглэж байгаа эмүүд нь олон улсын стандартад нийцсэн үнэхээр баталгаатай эм байж гэмээнэ нь эмчилгээний үр дүнг сайжруулах, хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд илүү үр дүнтэй.

Мөн бидний эндээс болон гадаадаас авч ууж байгаа эмүүдийг харьцуулахад үйлчилгээ тэс ондоо байдаг нь хамгийн энгийн жишээ. Эмийн компаниуд хямд үнэтэй, чанар муутай эмүүдийг оруулж ирж, ашиг хүртэж байгаа гэдэгт би хувьдаа эргэлздэггүй. Хүмүүс уугаад л хэрэглээд байгаа хэрнээ өвчин нь илааршдаггүй байдлууд гарсаар байгаа. Ялангуяа мэдрэлийн өвчтөнүүд дунд олон жилээр эм уудаг хүмүүсээс гомдол тасралтгүй ирдэг. Тиймээс өнгөрсөн хаврын УИХ -ын нээлттэй сонсгол ил болсон асуудлуудаа цэгцэлж, жинхэнэ ажил хэрэг болгох шаардлагатай.

Ирэх аравдугаар сарын 1-нээс эмийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар эм бэлдмэлийн сурталчилгааг олон нийтийн сүлжээнд зогсоож байгаад талархаж байна.

-Тогтмол хэрэглэдэг жортой эм болон ханиад томуугийн үед хэрэглэдэг эмнүүдийн чанар муу ч их үнэтэй зарагдаад байна гэдэг.

-Хил, гааль татвараас хамаарч эм үнэтэй зарагддаг байх. Хамгийн гол нь сайн, чанартай эмнүүд үнэтэй байдаг. Чанартай, үнэтэй эмнүүдийг байнга уудаг хүмүүст эрүүл мэндийн даатгалаар тодорхой хэмжээгээр хөнгөлөх хууль журмыг төр эрх үүргийн хүрээнд гаргана.Чанартай, баталгаатай эм бэлдмэл хэрэглэж байж эмчилгээ үр дүнтэй болж, өвчтөний амьдралын чанар сайжирна.

Хөгжил буурай орноос чанар тааруу, хямд эм оруулж ирж эмийн бизнес цэцэглэж байгаа нь үнэн. Эмч нар эмийг хэт шүтэж, эмийн бизнес гаарахад бас нөлөөлснийг үгүйсгэх аргагүй. Манай зах зээл бага гэдгээс үүдэн сайн чанарын эм, бэлдмэлүүд төдийлөн орж ирдэггүй. Үүн дээр зөв зохицуулалт хийж чадвал бид чанартай, олон улсад баталгаатай эм, бэлдмэл хэрэглэх боломж байгаа.

-Эмчид үзүүлж жорын дагуу эм авах гэтэл тухайн эм нь эмийн сангуудад тасарчихсан, олддоггүй. Эм зүйчид адилхан үйлчилгээтэй гэх зэргээр өөр эм санал болгодог. Энэ нь хэр оновчтой вэ?

-Эмийг сонгоход үндсэн үйлчилж байгаа бодис гэж байна. Худалдааны нэр гэж бий. Үндсэн бодисыг агуулж байгаа эмийг жор баригчид өгч болно. Ойролцоо үйлчилгээтэй гэх байдлаар иргэдэд өөр эмийг огт өгч болохгүй.

Нөгөө талаас манай мэдрэлийн өвчтөнүүдийн ууж байгаа эмийг эм зүйч, жор баригч нар эмчийн бичсэн жорын дагуу зохих тунгаар нь олгох үүрэгтэй. Эм зүйч нар эмийг хэрэглэх явцад гарч болох гаж нөлөөний талаар холбогдох зөвлөгөөг үйлчлүүлэгчид өгч болох ч эмчийн бичсэн эмчилгээн дээр дахиж шүүмж хийгээд, энэ эм чинь хортой, яагаад ийм эм уудаг болсон юм гэх зэргээр толгойг эргүүлэх нь цөөнгүй. Энэ нь эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйн талаас ч тэр, өвчтөнд үзүүлэх хандлага ч зохимжгүй. Хэрэв эмч илт алдаатай жор бичсэн байвал тухайн эмчтэйгээ холбогдож лавлаж болно. Мэдээж эм бүр хортой. Гагцхүү тэр эмийн тун, хэмжээ, харилцан үйлдлийг тааруулах нь эмчийн ур чадварын асуудал.

Манай улсад архаг өвчтэй хүмүүсийн хувьд бие биедээ аман мэдээлэл дамжуулах, нийгмийн сүлжээнд гарч байгаа мэдээллийг ашиглаж, янз бүрийн эм, биологийн идэвхт бодисыг дураараа хэрэглэх явдал түгээмэл байдаг. Энэ нь нэг талаас баталгаагүй эм, бэлдмэл хэрэглэснээрээ эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хохирол амсах сөрөг талтай. Архаг өвчтэй хүмүүс эмчтэйгээ маш сайн зөвлөж, эмчилгээгээ сонгох нь ихээхэн үр дүнтэй. Мөн эмийн эмчилгээнээс гадна эмийн бус эмчилгээ, дэглэм маш чухал. Тархины судасны өвчин оношлогдлоо гэхэд тархины харвалтаас сэргийлэхийн тулд нэгдүгээрт артерын даралтаа хянаж, хоёрдугаарт, насандаа таарсан хөдөлгөөн хийх, гуравдугаарт цаг агаар, улирал, өөртөө тохирсон хоол хүнс хэрэглэх нь энэ өвчнөөс сэргийлэх гол арга зам юм. Хүн амын дунд өргөн хэрэглэж байгаа тархины тэжээлүүд, омега 3 зэргийг замбараагүй хэрэглээд байгаа нь төдийлөн үр дүнгүй.

-Манайхны хувьд эмийн замбараагүй хэрэглээтэй гэх шүүмжлэлд их өртдөг. Дураараа эм уух нь ямар хор уршигтай вэ?

-Жишээ нь, толгойн өвдөлтийг намдаах цитрамон, цитромакс, зэрэг жоргүй олгодог эмүүдийг ихээхэн сурталчилдаг. Хүмүүс энэхүү сурталчилгаанд тулгуурлаад нэгэнт толгой өвдөөд байгаа юм чинь энэ эмийг хэрэглэе гэсэн сэдэл их төрдөг. Тэр эмийг уугаад өвдөлт нь намддаг. Толгойн өвдөлт дахихад тэр эмээ болон түүнтэй төстэй өвчин намдаах эмийг эмчийн хяналтгүй, өөрийн дураар аваад уучихдаг. Энэ нь эцэстээ өвчин намдаах эмийн хамааралтай болж, уухгүй бол тайвширдаггүй, өвдөлт намддаггүй байдалд шилждэг. Өвчин намдаах эмүүд олон найрлагатай байдаг бөгөөд эдгээр эмүүдийн үндсэн найрлагыг бүрдүүлж байгаа парацетамол нь элгийг гэмтээдэг. Энэ эмүүдийг удаан хэрэглэснээр ходоод гэдэсний салстыг гэмтээж, шархлаа үүсгэх, цус алдах хор уршигтай. Мөн харшлын эсрэг эмийг харшилд хэрэглэхээс гадна нойрны асуудалтай хүмүүс уг эмний гаж нөлөө болох нойрмог байдлыг ашиглан унтахдаа уудаг. Харшлын эмний гаж нөлөө нь тархины харвалт үүсгэх хүчин зүйл болохыг судалгаагаар тогтоосон. Мөн ханиадны төрлийн олон найрлагат минигрипп, терафлу зэрэг эмүүдийг олон хоногоор уух, эсвэл энэ төрлийн эмүүдийг давхарлан хэрэглэх нь маш хортой. Эдгээрийн найрлагад мөн парацетамол, харшлын эсрэг бэлдмэлүүд ордог.

Эмийн замбараагүй хэрэглээ нь өөрт байгаагүй эмгэгийг давхар бий болгож байгаад хатуу хяналт тавьж, жоргүй олгодог эмүүдийн тоог хязгаарлах, иргэдийн эмтэй харилцах боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй.

Мөн иргэд анхаарвал зохих нь, ууж байгаа эмээ энд тэндгүй тавьснаас бага насны хүүхэд эмэнд хордох явдал гарч байна. Настангуудын хувьд мартамхай болсны улмаас уусан эсэхээ мэдэхгүй, нэг тунгаа дахин ууснаас болоод эмийн цочмог болон архаг хордлогонд орох явдал бий. Иргэд эм гэдэг бол химийн хор гэдгийг ойлгож, эмчийн бичсэн тунгаар, хоног хугацаагаар хэрэглэх нь нэн чухал байна

Л.МИНЖМАА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *