Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.03.30/ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өргөн барив.
Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл нь УИХ, Засгийн газар, түүний харьяа байгууллага, олон нийтийн анхаарлыг хүний эрхийн тулгамдсан асуудалд хандуулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор бодлогын түвшинд өөрчлөлт хийхэд чиглэсэн баримт бичиг юм.
Энэ удаагийн илтгэлд Эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаар, Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн талаар, Хүний эрхийн боловсролын талаар, Төрөлжсөн асрамжийн газартай холбоотой асуудлаар, Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа ба хүний өмчлөх эрхийн талаар, Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн талаарх саналуудыг тусгасан байна.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тус илтгэлийг төрийн болон төрийн бус байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комиссын хяналт, шалгалт, судалгааны дүн болон ХЭҮК-т ирсэн өргөдөл, гомдлыг үндэслэн боловсруулдаг болохыг онцлоод, уг илтгэлд Монгол Улс дахь хүний эрхийн талаарх асуудал, нөхцөл байдлын талаарх мэдээлэл багтдаг болохыг танилцуулав. Түүнчлэн энэхүү илтгэлийг Хүний эрхийн дээд комиссарын газар, Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороо, Ази-Номхон далайн бүсийн адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг үндэсний байгууллагуудад хүргүүлдэг гэлээ.