Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд “Хүний эрх шударга ёс хөгжлийн төв”, Монголын нам бусчуудын холбоо, Татварын төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
2016 оны УИХ-ын сонгуулиас хойш 22 мянган төрийн албан хаагч ажлаас халагдсаны 7000 гаруй нь улс төрийн намын харьяаллаас болсон статистик мэдээллийг “Хүний эрх шударга ёс хөгжлийн төв”-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар мэдээллэв.
Гэтэл төрийн албан хаагчдын тоо өнгөрсөн оноос 2000 гаруйгаар нэмэгдсэн тоо гарчээ.
Ц.Оюунбаатар “Монгол Улс ардчилсан орон боловч хүний эрхийн асуудал түвэгтэй нөхцөл байдалд байна. Хүний эрхийг зөрчих тохиолдол хавтгайрч байна. Үүний гол шалтгаан нь улс төрийн намууд. Намайг намын харьяаллаар битгий хараарай. 30 жил ажилласан хүний эрхийн хуулийн хувиар хэлж байна. МАН, АН-ыг засаг барьж байх үед хүний эрхийг зөрчих явдал газар авлаа. Аль нэг нам олонх болж гарч ирснийхээ дараа төрийн жинхэнэ албан хаагчдыг олон мянгаар нь ажлаас халж, оронд өөрсдийнхөө сонгуульд ажилласан хүмүүсийг авчирдаг. Энэ явдлыг зогсоох ёстой. Бөөнөөр нь халдаг байдлыг зогсоох шаардлагыг хүний эрхийн байгууллагууд УИХ, Засгийн газарт тавина” гэлээ.
Мөн тэрбээр 2017 оныг “Хүний эрхийн жил” болгоё. Хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа асуудалд монголчуудын анхаарлыг хандуулъя гэсэн уриалгыг гаргалаа.
Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэж, ирэх тавдугаар сарын нэгэнд Сүхбаатарын талбайд хөдөлмөрчдийн жагсаалыг зохион байгуулна гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэлэв.