Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өчигдөр бараалхаж, Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалах тогтолцоонд гарсан ахиц дэвшил, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид баяр хүргэж, амжилт хүсээд, 2020 онд Улсын Их Хурлаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргаснаар ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгасан санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар УИХ-ын тогтоол гардаг болсон, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм байгуулагдсан зэргээр хүний эрхийн үндэсний байгууллагын бүрэн эрх, чиг үүрэг өргөжсөнийг онцоллоо.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан
, дэлхий нийтийг хамарсан цар тахлын хор уршиг, үр дагавар нь хүний эрхийн шинэ сорилтуудыг бий болгож, улмаар шинэ орчин нөхцөл, шинэ дэглэмд нийцсэн хүний эрх, эрх чөлөөг хамгаалах бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг онцоллоо.
Ялангуяа цаг үеийн нөхцөл байдал, цахимжиж буй нийгмийн орчинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд нэн тэргүүнд Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг Тогтвортой хөгжлийн зорилтууд, “Алсын хараа 2050”-тай нийцүүлэн шинэчлэн батлах, Монгол Улсын нэгдсэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцын тайлагналт, НҮБ-ын механизмаас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх, салбар хоорондын зохицуулалтыг хангах, хяналт тавих бүтцийг бий болгох, хүний эрхийн боловсрол олгох үндэсний тогтолцоог бэхжүүлэх, цахим орчин дахь хүүхдийн эрх хамгааллын асуудал, хүний эрхийн хэрэгжилтийг хэмжих үндэсний индекс боловсруулах, Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах хараат бус бүтцийг бий болгох, төрийн цэргийн байгууллагын харьяа анги, салбарууд дахь дүрмийн бус харьцааны шалтгаан нөхцөлийг тогтоох судалгааны ажил, хүний эрхийн асуудлаар Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлан зохион байгуулж ирсэн Үндэсний чуулганыг үргэлжлүүлэх хийх асуудалд анхаарал хандуулж дэмжин хамтран ажиллахыг Монгол Улсын төрийн тэргүүнээс хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж нэн ялангуяа эмэгтэйчүүдийн улс төрийн эрх чөлөө, тэгш байдлыг хангасан нь маш чухал дэвшил байсныг онцлон тэмдэглээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, өндөр үнэ цэнээр олж авсан ардчиллын суурь зарчмууд, үнэт зүйлээ хамгаалахад онцгойлон анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Б.Энхболд, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Ө.Золжаргал, ХЭҮК-ын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Адъяахишиг нар оролцлоо.