Categories
мэдээ нийгэм

Хөнгөлөлтөөр олгодог эмийн тоог цөөлнө гэв

ЗурагИргэдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх хэрэгтэй гэдгийг өнөөдөр ЭМЯ-нд болсон хэвлэлийн хурлын үеэр эмч мэргэжилтнүүд онцлов.

ЭМЯ, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран нийслэлийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ЭМД-аар хөнгөлөлттэй эмээр үйлчилж буй эмийн сан, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын жор бичилтийн стандартын хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийснээ танилцууллаа.
Хяналт, үнэлгээг 25 хүний бүрэлдэхүүнтэй 6 ажлын хэсэг томилогдон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй байгууллагад хийсэн бөгөөд иргэдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх хэрэгтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
ЭМД-ын бодлогын хэрэгжилтийн газрын тусламж үйлчилгээний чанарын хэлтсийн дарга Б.Баярболд хэлэхдээ,”2017 онд Эрүүл мэндийн даатгалын газар нь улсын хэмжээнд 861 эмийн сантай, нийслэлийн хэмжээнд 324 эмийн сантай даатгалын гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ удаагийн хяналт, үнэлгээнд 60 орчим эмийн сан хамарсан. Эдгээр эмийн сан нь 2016 онд баталсан хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг баримтлан ажиллаж байна. Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад олон улсын хэвшлийн 187, худалдааны хэвшлийн 813 төрлийн эм багтсан байдаг. Харин 2017 онд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг шинэчлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна” гэв.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэлтсийн дарга М.Уранчимэг, “Иргэд гэр бүлийнхээ хүний өмнөөс өрхийн эмчид очиж эмийн жор бичиж өгөх хүсэлт, шаардлага тавьж байна. Зарим иргэд шаардлагагүй жорыг эмчээр бичүүлж авдаг. Үүнийг зохицуулахын тулд цаашид цахим программыг нэвтрүүлнэ. Ингэснээр тухайн иргэн хаана, хэзээ, ямар өрхийн эмчид, ямар оноштой, ямар эм бичүүлснийг хянах боломжтой болно. Цаашид хүртээмжийг нь нэмэхийн тулд ДЭМБ-ын баримталдаг жишгийн дагуу нэн шаардлагатай, өрхийн эмчид үзүүлээд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эмүүдийг даатгалд оруулах нь зүйтэй. Түүнээс монголын зах зээлд худалдаалж байгаа брэнд эмийн сонголтыг үлдээхэд иргэд өндөр үнэтэй эмийг аваад нөөцлөөд, замбараагүй хэрэглэж байна. Тиймээс хөнгөлөлттэй олгодог эмийн нэр төрлийг нь цөөлөх ажлыг удахгүй хийнэ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *