Улс төрд орохоосоо өмнө давгүй бизнес эрхлээд бусадтай эвтэйхэн харьцдаг байсан нэгний тухай танил минь хуучилсан юм. Ахмад хүмүүс түүнийг сайн хүү гэж магтаж, үеийнхэн нь сайн залуу хэмээн итгэдэг байж. Яагаад өнгөрсөн цаг дээр яриад байна гэхээр тэр УИХ-д нэр дэвшээд танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Улс төрд ороод тэр ингэтлээ өөрчлөгдөв үү. Танилын маань мэдэх тэр нэгэн залуу гэлтгүй бидний анзаарахад ч тийм хүмүүс олон болж. Хүнийг танья гэвэл эрх мэдэл, эд хөрөнгө өгөөд үз гэж нэг үг бий. Оргүй үг биш бололтой.
Олон залуус улс төр лүү хошуурах болсон энэ цагт хүнийг танихгүй болгодог, эсвэл өөрөө өөрийгөө танихаа байчихдаг тэр зүйл рүү тэгтлээ тэмүүлэх хэрэг байна уу гэж асуумаар. Заавал улс төр гэлтгүй ээ, өмнө нь энгийн сайхан залуу байснаа арай дөнгүүрхэн алба хашаад, амьдрал нь өмнөхөөсөө дээрдээд ирэхээр өөрийгөө ч танихаа байчихдаг хүмүүс олон болж. Хүн хүнээрээ байх л сайхан. Эхийн хэвлийгээс хүний жам ёсоор төрж, хүнд ирдэг зовлон жаргал хэнийг ч тойрдоггүй. Нэг л амьдрах хорвоо. Яаж ч амьдралаа гэсэн хүнээрээ л байцгаая. Албан тушаал, мөнгөтэй байлаа гээд мөнхийн шидийг олох биш дээ. Өөрийгөө ч танихгүй хүмүүс дэндүү олширвол өргөн хорвоог яаж туулах билээ.
Д.МӨНГӨНДАЛАЙ