Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн өсвөрийн улсын аваргууд тодров

Монголын хүндийн өргөлтийн холбооноос алтан түнш “Hunnu air” компанийн нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Спортын төв ордонд зохион байгууллаа. Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн зааланд болсон тус тэмцээнд Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар аймаг болон “Алдар”, “Хүч” хороо, Төрөлжсөн сургалттай биеийн тамирын дунд сургууль, Багануур дүүргийн нийт 11 байгууллагын 100 гаруй өсвөрийн тамирчид оролцжээ. Тэмцээнд ОУХМ нэг, спортын мастер, спортын дэд мастерын цолтой тус бүр дөрвөн тамирчин өрсөлдсөн байна.

Тэмцээний үеэр улсын рекорд болон цол зэргийн болзлыг дараах тамирчид биелүүлэв. Хөвгүүдийн 44 кг-ын жинд “Хүч” спорт хорооны тамирчин Э.Төртогтох түлхэлттэй өргөлтөөр 68 кг-ыг амжилттай өргөж, улсын рекордыг нэг кг-аар ахиуллаа. Мөн охидын 48 кг-ын жинд ТСБТДС-ийн тамирчин, спортын мастер Б.Тунгалаг огцом өргөлтөөр 60, түлхэлттэй өргөлтөөр 75, нийлбэрээр 135 кг-ыг өргөж, ОУХМ цолны болзлыг биелүүлжээ. Түүний хувьд өсвөрийн зургаа, залуучуудын нэг рекордыг шинэчлэн тогтоосон байна. Энэ жил 16 настай Б.Тунгалагийн хувьд өнгөрөгч сард Сүхбаатар аймагт болсон Бүх ард түмний спортын XIV наадмаас мөнгөн медаль хүртсэн юм.

Тэмцээний шилдгээр хөвгүүдээс спортын дэд мастер Х.Очирхүү, охидоос ОУХМ Б.Тунгалаг нар шалгарлаа.

Багийн дүнгийг эрэгтэй, эмэгтэй тусад нь тодруулжээ. Эрэгтэй багаас Дархан тэргүүлж, “Алдар” спорт хороо, Хөвсгөл удаалсан бол эмэгтэй багаас ТСБТДС, “Алдар”, Дарханы багууд эхний байруудыг эзлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *