Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүндийг өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч тамирчдадаа допинг хэрэглүүлж байснаа хүлээн зөвшөөрчээ

Хүндийг өргөлтийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Ц.Хосбаяр тамирчидаа дарамталж допингийн төрлийн бодис хэрэглүүлж байснаа хүлээн зөвшөөрч үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ.

Монгол хүний биеийн онцлогт тохирсон тус спортыг сонирхож хичээллэх, хүүхэд залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Харамсалтай нь хүндийг өргөлтийн тамирчдад дасгалжуулагч нь олон улсад хориглосон оксандралоне, энантат, пропинат гэх зэрэг бодис хэрэглүүлж байсан нь 2018 оны дөрөвдүгээр сард явагдсан Монголын хүндийг өргөлтийн холбооны хурлын үеэр тамирчдын мэдүүлгээс тодорхой болжээ.

Тус спортоор хичээллэж буй олон арван тамирчид багшийнхаа нөлөөнд автаж допинг хэрэглэснээр эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол бүртгэгдсэн байна.

Хөнгөн атлетикаар хичээллэж байгаад хүндийг өргөлтийн тамирчин болохоор сэтгэл шулуудаж дасгалжуулагч Ц.Хосбаярт шавь орсон тамирчин охин допингийн төрлийн бодис хэрэглэснээс шалтгаалж биеийн байдал нь эрс мууджээ. Тус тамирчны ээж “Миний охины бие муу байгаа. Би эрүүл саруул охиноо хүндийг өргөлтийн спортод оруулсан. Өнөөдөр охины маань гавлын яс нь чулуужсан байна. Элэг, цөс, ходоод дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа доголдож хэд хэдэн удаагийн хагалгаанд орсон. Одоо миний охинд үр тогтох эсэх нь тодорхойгүй байна” гэж мэдэгджээ.

Дасгалжуулагч Ц.Хосбаяр тус тамирчинд допингийн төрлийн бодисыг өдрийн гурван удаагийн давтамжтайгаар хэд хэдэн удаа хэрэглүүлжээ. Тэрбээр “Энэ харшлын эсрэг үйлчилгээтэй тариа, чамд сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэж мэдэгдсэн байна. Олгой нь чулуужиж, дотор эрхтний үйл ажиллагаа нь доголдсон охины ээж Монголын хүндийг өргөлтийн холбоонд гомдол гаргахад дасгалжуулагч Ц.Хосбаярын төрсөн ах холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хасбаатар “Биеэ золионд гаргадаггүй тамирчин гэж байдаггүй юм. Золиосолж байж амжилт ирнэ” гэж хэлээд өрөөнөөсөө гаргажээ.

Мөн өөр нэг эмэгтэй тамирчин химийн гаралтай допингийн төрлийн бодис хэрэглэснээс болж ходоод нь цоорсон байна. Энэ мэт эрүүл мэндээрээ хохирсон тамирчдын тоо хэдэн арваар тоологдох ажээ.

Шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа энэ хурлын үеэр хүлээлгэн өгсөн ч оронд нь түүний том хүү Х.Одхүү ахлах дасгалжуулагчаар томилогджээ. Ц.Хосбаяр шигшээ багийн дасгалжуулагчаа хүлээлгэж өгсөн ч өнөөдөр “Спортын төв ордон”-д тамирчдыг бэлтгэж байгаа аж. Гол төлөв Ц.Хосбаярын тариа тарьж бэлдсэн шавь нар нь олон улсын тэмцээнд явдаг талаар эх сурвалж мэдээлсэн юм. Ц.Хосбаярын шавь болж очсон тамирчид допингийн хэрэглээнээс татгалзвал бэлтгэлээсээ хөөдөг ажээ. Өөр клубт очиж бэлтгэл хийхэд олон улсын тэмцээнд оролцуулдаггүй юм байна. Өөрөөр хэлбэл Монголыг төлөөлж тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэн оролцохыг Ц.Хобаяр багш ганцаараа шийдвэрлэдэг аж. Энэ талаар гомдол гаргасан бусад клубийн багш дасгалжуулагч нарыг дээрэлхэж зоддог талаар эх сурвалж мэдэгдсэн юм. Зөвхөн Хосбаяр багшийн бэлтгэлд очиж өгсөн допингийг нь үг дуугүй тариулсан тамирчин сая нэг тэмцээнд оролцох эрхээ өвөртөлдөг гэнэ.

Тэрбээр “Спортод толгойг нь илээд амжилт ирэхгүй. Би зоддогоо хэний ч өмнө хэлнэ. Энэ бол миний хувийн характер. Өнөөдөр дэлхийд допинггүй гээр амжилт үзүүлнэ гэдэг худлаа. Допинггүй өрсөлдөөн ч ховхор болсон. Өнөөдөр би Бөхийн өргөө рүү ороод заасан болгоноос допинг илэрнэ шүү. Дан ганц хүндийг өргөлт ийм болчихоод байгаа юм биш” хэмээн хэлсэн юм.

Мөн допинг хэрэглүүлсэн тамирчных нь эрүүл мэнд дордож биеийнх байдал муудахад хөөгөөд явуулчихдаг талаар түүний шавь нар хэлж байсан юм. Ц.Хосбаяр дасгалжуулагчийн удирдлагад улсын арслан Э.Оюунболд, улсын заан Н.Жаргалбаяр нарын бөхчүүд хүчний бэлтгэлээ базаадаг. Улсын заан Н.Жаргалбаярын тухайд улсын их баяр наадмаас хойш нэг ч заалны барилдаанд зодоглоогүй байгаа билээ. Тэрбээр зөвхөн Өмнөд Монголд зохион байгуулагдсан Алтан бүсний төлөөх барилдаанд л зодоглож их шөвөгт шалгарсан билээ.

Нэгэн шавь нь “Хосоо багш дээр хичээллээд миний амжилт ахисан ч яваандаа эрүүл мэнд маань дордсон. Надад залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох санал тавьж хамт бэлтгэл хийж эхэлсэн. Энэ хугацаанд нэр нь үл мэдэгдэх тариаг миний биед долоо хоногийн гурван өдөр хийж байсан. Өрөөндөө ч тариад зогсож байсан удаа байгаа. Үр дүнд нь миний үе мөч тэвчихийн аргагүй өвддөг болж, сарын тэмдэг ирэхээ больсон. Бэлтгэлийн ачааллаа даахгүй унахад над руу уурлаж хөөж байсан” гэж хэлсэн юм. Үүний дараахан нь Ц.Хосбаяр шавьдаа хандаж “Чи намайг байгаа цагт хэзээ ч олон улсын тэмцээнд явж чадахгүй, хэн хэзээ хаашаа явахыг би мэднэ” гэж дарамталсан байна. 2016 оны олимпийн наадмаар үндэсний шигшээ багийн тамирчин Ө.Чагнаадорж допингийн шинжилгээнд бүдэрч 19-хөн насандаа ямар нэгэн тэмцээнд оролцох эрхээ бүх насаараа хасуулсан юм.

ДОПИНГИЙН ТӨРЛИЙН БОДИСЫН ХОР НӨЛӨӨ

Допингийн төрлийн бодис гэдэг нь дэлхийн допингийн эсрэг дүрэмд зааснаар хориглосон жагсаалтад багтдаг бодисуудын иж бүрдэлийг хэлдэг. Өөрөөр хэлбэл допинг гэсэн тусгай бодис, эм тариа байхгүй, олон төрлийн эмийн бодисын хориотой аргын нийлбэр юм.

Хориотой зүйлийг жагсаалтад анаболик стериод буюу бэлгийн дааврын гаралтай бодис, пептид гормон, гуурсан хоолойн рецепорыг саатуулж үйлчилдэг бодисууд, шээс хөөх буюу хаван хөөх, эмүүд, мансууруулагч, хар тамхины төрлийн бодис гэх мэт олон төрлийн бодис багтдаг аж.

Нэг үгээр допингийн төрлийн бодисыг агуулсан буюу найрлагад нь тэдгээр бодис багтсан эмүүдийг анагаах ухааны практикт өвчин эдгээх зорилготойгоор тодорхой тун, давтамжаар эмнэлгийн заалт, өвчний үе шатанд тохируулж хэрэглэдэг. Гэтэл өвчин эдгээх зориулалттай эмүүдийг эрүүл хүн өндөр тунгаар байнга давтамжтай хэрэглэх нь эд эрхтнийг гэмтээж, үйл ажиллагааг нь алдагдуулан үрэвсүүлэх, хавдар үүсгэх улмаар амь насанд ч аюул учруулах эрсдлийг дагуулдаг юм.

Эрүүл хүн эмийн бодисыг эхэлж хэрэглэхэд биеийн дархлааны системийн хамгаалах үйл ажиллагааны үр дүнд гаднаас их хэмжээгээр орж байгаа хорыг шүүх, аюулгүй болгох, гадагшлуулах, тухайн эмийн нөлөөнд эд эрхтний ажиллах чадвар сэргэх зэргээр дасан зохицох процесс явагдах боловч олон давталттай өндөр тунтай байнга хэрэглэхэд эд эрхтнүүд аажмаар уг хорыг хүлээн авах чадваргүй болж, туйлдан үйл ажиллагаа нь алдагдаж, улмаар бүтцийн өөрчлөлтөд орсноор өвчин жинхэнэ утгаараа үүсдэг.

Хориотой жагсаалтад багтсан бодисуудын үйлчилгээ өөр, өөр байгаагаас хамаарч биед янз бүрийн сөрөг нөлөө гарах хэдий ч дараахь ерөнхий гаж нөлөө үүсдэг аж.

Үүнд

•Ядрах

•Цусны даралт ихсэх

•Уур уцаартай болох

•Дархлаа суларч өвчинд өртөмтгий болох

•Биеэр батга шавах, тууралт гарах

•Зүрх судасны үйл ажиллагаа доголдох

•Элэг, бөөр болон бусад эрхтний үйл ажиллагаа хямрах…

Б.САЙНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *