Categories
мэдээ туслах-ангилал улс-төр

Хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг

Өчигдөр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулган дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Төрийн тэргүүн өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын зарим гишүүнийг томилсон, энэ томилгоонд сэтгэл дундуур байна гэлээ. Энэ тухайгаа “Аалзны шүлс шиг татуургатай Засгийн газар яаж бүтээлч байх юм, ард түмний өмнө тулгамдаж байгаа асуудлыг яаж зоригтой шийдэх юм бэ.

Ардаа амлагаа өгч, сайд болсон гэж хоорондоо ярьдаг болсон. Ийм утгагүй байдалд Монголын төрийг оруулж болохгүй. Үүнийг яриад өнгөрөх байлгүй гэж бүү бодоорой, нэхэл хатуутай ард түмэн байгаа шүү. Сайд гэдэг хариуцлага өндөр нэр хүндтэй албан тушаал. Өөрснийхөө хүмүүсийг түлхсэн, хувийн үзэл бодолдоо баригдсан хүмүүс өөрсдийгөө хар даа. Манай хүнийг оруулахгүй бол танай хүнийг оруулахгүй. Энэний төлөө байлдаж байна, энэний төлөө ард түмний тархи толгойг самууруулж байна. Бид ийм гашуун түүхийн дундуур яваад ирсэн, одоо өөрийн эрхээр байхдаа ийм байдалд ормооргүй байгаа. Бидний өвөг дээдэс хэдэн ханлиг болоод байлдаад байх юм бол Монгол үндэстэн алга болох нь гэдгийг ойлгосон. Гэтэл одоо ширэнгэ, ширэнгийн мухарт байгаа тэр дарга нарынхаа үзэл бодлоор Монголын ажлыг гацааж байна.

Засгийн газрыг бүтээлч, хариуцлагатай, ёс зүйтэй болгохын тулд хоёр шийдвэр гаргах хэрэгтэй. Нэгдүгээрт нь, Засгийн газар өөрийн танхимдаа ажиллах сайд нарыг томилдог болох. Парламентыг энэ томилгооноос салгах хэрэгтэй. Сайдуудаа нэг, нэгээр нь нам, намаар нь хувааж аваад томилдог парламент хаана байна вэ. Дэлхийд Монголоос өөр хаана ч байхгүй,

Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүнээр хэнийг томилохоо шийддэг байх ёстой, тухайн бодлогыг авч явж чадах хүнийг томилно. Ийм эрхийг өгөөгүй учраас араасаа татаастай, түлхээстэй хүмүүс улс орны эрх ашгийн төлөө ажиллахгүй байна.

Дээр нь, Ерөнхий сайд танхимын сайдаа хэзээ чөлөөлөх вэ, огцруулах вэ гэдгээ мэддэг байх ёстой. УИХ-ын гишүүн нь сайдаа томилдог нь буруу юм байна. Монголд ч энэ буруу юм байна. Энэ асуудлыг энэ парламент шийдэх хэрэгтэй.

Албан тушаалын хойноос хөөцөлдөөд, албан тушаалаар дамжуулж амьдралаа өөд нь татах гээд сууж байгаадаа ичих хэрэгтэй. Үр хойчдоо нүгэл болно, ийм нүглийг зогсоох ёстой. Төр гэдэг нүгэлтэй тэмцдэг байгууллага. Өмнө нь их зарчмын юм ярьдаг байсан гишүүн, суудлын сураг сонсоод зарчмаасаа, үнэт зүйлээсээ ухарлаа, ямар адын юм бэ.

Бид томилсон хүнээ унагах тухай бодоод байдгаас олон Ерөнхий сайд солигдож Монголын тогтолцоо тогтворгүй болоод байна. Улс төрийн намын тухай хууль, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудын тухай хуулийг баталъя. Хариуцлагатай, ёс зүйтэй улс төрийг бий болгоё, бүтээлч тогтвортой Засгийн газрыг бий болгоё” хэмээн мэдэгдсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *