Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүн үзэл бодлоо сонгуулийн үеэр илэрхийлэх нь чухал, бусад үед нь үр дүнгүй шүү дээ

Ойрын үед Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар /ШӨХТГ/-аас сүрхий, сүртэй мэдээлэл хийдэг боллоо. Тэр нь сонгуультай холбоотой. Иргэн хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлж, үг хэлж, үнэлэлт дүгнэлт өгвөл тэр нь Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болох гэнэ. Харин иргэд тэгж үзэхгүй байгаа юм байна. Харин ч эсрэгээрээ Үндсэн хуульд заасан “Хүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийг маань ноцтой зөрчиж байна гэж үзжээ. Иргэд сонгогчдын байр суурь ийм байтал ШӨХТГ-аас бүр цааш ахиж Сонгуулийн хууль зөрчиж иргэдийн үзэл бодол, үнэлэлт дүгнэлтийг дамжуулбал хэвлэл мэдээллийн байгууллагуудад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэнэ гэж заналхийлжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах юм байна. Одоогоор хэвлэл мэдээлийн зургаан ч байгууллага үйл ажиллагаагаа зогсоох нөхцөлийг хангасан гэнэ. Дахиад нэг л зөрчил гаргавал эдгээр байгууллагуудын амийг тэр дор нь тасална гэдгээ тус газраас албан ёсоор мэдэгдлээ.

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 70.1,6-д ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно”, 70 дугаар зүйл, 70.7-д “аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэж заажээ. Тэгэхээр ийм заалтууд байх нь байна. Үүнийг юунаас үндэслэж шалгаж тогтоох, баталгаажуулах вэ гэвэл Сонгуулийн ерөнхий хороо болон иргэдээс ирсэн гомдол, санал ШӨХТГ-т хандах бүрт шалгаж тогтоох юм байна. Хэн нэгэн Бат юм уу, Дорж гуай сонин, телевизээр наад зах нь дэмжиж явдаг улстөрчийнхөө тухай ярих, хийсэн ажлыг нь бусдад үлгэр болгон ярих зэргээр санаандгүй үйлдэл хийхэд тэр нь Сонгуулийн хууль зөрчсөн болох нь. Дамжуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь хаалгаа барих нь. Батын ярьсныг бас нэг сайн дурын уран сайхан ч Дулмаа Сонгуулийн ерөнхий хороонд матахад тэгээд л хууль зөрчсөн болох нь. Ийм л үр дагавартай, урхагтай хуулийн заалтыг ШӨХТГ-аас сүрхий хэрэгжүүлэх гээд байгаа юм байна.

Гэтэл энэ нь Үндсэн хууль болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчсөн үйлдэл болчихоод байгаа юм биш үү. Монгол улсын Үндсэн хуулийн 16.16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийг хүний эрх, эрх чөлөөний гол цөм нь гэж үзнэ. Итгэл үнэмшилтэй байж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн арга нь үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөө юм гэж тодорхой заажээ. Ингэхээр Сонгуулийн тухай хуулийн 70.7 дахь заалт нь Үндсэн хуулийн 16.16 дахь суурь заалтыг давсан болчихож байгаа юм. Монголд хуулиасаа давсан зарим нэг дүрэм журам үйлчилж байсан шиг Үндсэн хуулиасаа давсан хууль гаргаж, түүнийг нь хэрэгжүүлэх гээд ШӨХТГ-ын хүүхдүүд гүйлдэж, учраа мэдэхгүй хэвлэлийн бага хурал зарлаж сүржигнээд байгаа юм биш биз. Угтаа өнөөдөр ШӨХТГ-ын заналхийллээр бол хууль зөрчсөн гэх хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн шорон гянданд хоригдож, үйл ажиллагааныхаа лицензийг цуцлуулж, сөнөх болчихоод байгаа юм. Тэгэхээр энэ заалт нь үнэхээр хуульд байгаад, түүгээр нь хэн нэг иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандахад Сонгуулийн хууль тэгээд дуусах юм байна лээ.

Ер нь тэгээд хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, зайлшгүй шаардлагатай цаг үе нь хэзээ тохиодог юм бэ? Тэгвэл тийм боломжит, ухамсартай цаг үе нь сонгуулийн үе шүү дээ. Ардчилсан нийгмийн хувь хүнд олгож байгаа хамгийн дээд эрх бол сонгох сонгогдох эрх, сонгуулийн үеэр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтэлж, хэн нэгнийг дэмжиж, тэр бүхнээ түгээн дэлгэрүүлэх үйл явц юм. Дөрвөн жилд нэг удаа улс орноо, ард түмнээ удирдан чиглүүлэх төр засгаа сонгох түүхэн мөч бол сонгуулийн үе юм. Ийм л үед иргэн хүн үзэл бодлоо нийгэмд хүргэх нь хамгийн чухал юм. Бусад үед нь хэчнээн хашгираад яах юм бэ. Ямар ч үр дүн, ач холбогдолгүй шүү дээ. Сонгуулийн бус үед бол зүгээр л өмнөх ажлаа амжуулаад, үүрэгт ажлаа хийгээд явж байх цаг хугацаа. Тэртээ тэргүй бидний сонгосон хүмүүс төр улсаа засаглаад явна, төлөөллийн ардчилал ажиллана. Ийм хариуцлагатай сонголт хийх, хүн бүр үзэл бодлоо хэлэх, хэвлэн нийтлэх, итгэл үнэмшлээ түгээн дэлгэрүүлэх ёстой сонгуулийн цаг мөчид бид бүгдийн амыг барьж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хуулийн заалтаар заналхийлж, ШӨХТГ хэмээх нийгэмд шударга харилцаа тогтоох ёстой байгууллагаар байсхийгээд л сүртэй мэдээлэл хийлгэж байгаа нь дэндүү утгагүй байна.

Иймэрхүү утгагүй, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдлүүд Монголын нийгэмд хэрээс хэтэрч байна. Төрийн зүгээс хийж буй нэг үйлдэл нь нөгөөтэйгөө үргэлж зөрчилдөх болсон. Өнөөдөр сонгуулийн ирцийг яаж бүрдүүлэх, 51 хувьд хүргэх тухай ярьж байна. Учир нь өнгөрсөн хугацаанд явагдсан бүх сонгуулийн ирц дандаа хасах руу явсан. Хамгийн сүүлд буюу 2013 онд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц санал хаахаас хэдхэн минутын өмнө хүрэхгүй байгаад санал хураалт хаахтай зэрэгцэн чүүтэй чаатай 50,23 хувьд хүрснээр нэг юм хүчинтэйд тооцсон. Энэ хандлага ирэх сонгуулиар ямар байхыг хэлж мэдэхгүй. Ийм байгаагийн үндсэн шалтгаан ч тодорхой харагддаг. Жишээ нь хүүхдийг сонгуульд оролцуулдаггүй, санал өгүүлдэггүй. Сонгуульд санал өгнө гэдэг чинь бузар муу явдал юм уу. Хүүхэд хол байх ёстой халдварт өвчин эмгэг юм уу. Харин ч хар багаас нь төр засгаа сонгох сонгуульд оролцдог дадалд сургах ёстой, ардчилсан нийгэмд амьдарч буй чиний хамгийн үнэт зүйл чинь энэ гэсэн төлөвшлийг суулгаж өгөх ёстой юм. Ингэж төр засгаа дээдэлсэн үзэл суртал, амьдралын хэв маягийг хүүхдэд багаас нь суулгаж өгдөггүйгээс өнөөдөр сонгуулиар саналаа өгдөг залуу үегүй болоод байна. Энэ бол эмгэнэл. Хатуу үнэнийг хэлэхэд өнгөрсөн бүх сонгуулийн саналын ирцийг хуучин нийгэмд төлөвшсөн үеийнхний хариуцлагатай байдал бүрдүүлж ирсэн. Энэ мэт Үндсэн хуультайгаа зөрчилдсөн Сонгуулийн тухай хууль, бүхэл бүтэн нэгэн шинэ үеийнхэн сонгуульд оролцохоо байсан үйл явц гэхчилэн эргэж харах ёстой, зарчмаар нь явуулах ёстой тулгамдсан асуудлууд их байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хүн үзэл бодлоо сонгуулийн үеэр илэрхийлэх нь чухал, бусад үед нь үр дүнгүй шүү дээ” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы 2016 оны тавдугаар сарын 03-ны өдрийн дугаар хэвлэгдэж гарлаа. Энэ өдрийн дугаарт гарсан онцлох ярилцлага, сурвалжлага, нийтлэл, мэдээ мэдээллийг тоймлон хүргэе.

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарын тэргүүн нүүрт мөсөн голоор аялсан тэмдэглэл гарлаа. Энэхүү аяллыг Тэрэлжид Түвшинжаргал хэмээх залуу зохион байгуулдаг бөгөөд голын мөс гэсэх үеэр завьтай аялах юм байна. Дээрх аяллын сонирхолтой сурвалжлагыг XIII нүүрнээс уншаарай.

Түүнчлэн энэ дугаарт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн ярилцлага орлоо. Тэрээр “Хуулиар дөрөвдүгээр сарын 30 гэхэд нам, эвсэл, бие даагчид сонгуульд оролцох хүсэлт, мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд өгсөн. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийг тодруулах асуудал тавдугаар сарын таванд эхэлж тавдугаар сарны еснөөр дуусгавар болох ёстой. Энэ нь санал авах өдрөөс 55 хоногийн өмнө нэр дэвшигчийг тодруулах ажил эхэлж тав хоногийн дотор дуусгавар болгох ёстой гэсэн хуулийн заалттай. Гэтэл Цэцийн түтгэлзүүлсэн заалттай шууд холбоотой заалт учраас хуулийн энэхүү зүйл заалт нь хугацаандаа хэрэгжих боломжгүй болж байна” хэмээн ярьжээ. Мөн “Ингэж завсарлага авч байхаар чуулган дээрээ орж ирээд үүнийгээ яриад явах ёстой байхгүй юу. Тэгэхгүйгээр аль нь ч тодорхойгүй ингээд яваад байхаар цаг хугацаа биднийг хүлээхгүй. Ялангуяа сонгуулийн зохион байгуулалтын ажилд маш их хүндрэл учрах төлөвтэй болчихоод байна” гэжээ.

Түүнчлэн энэ дугаарт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан “Гадаадад төрсөн Монгол Улсын иргэндээ иргэний үнэмлэх, гадаад паспорт, харин гадаадын иргэнд хөх үнэмлэх олгохоор заасан” гэсэн гарчигтай ярилцлагыг уншина уу.

Нийгмийн үзэл санааны хамгийн том талбар, чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт гуравдугаар нүүрт энэ удаа нийтлэлч П.Хашчулууны “Хүн үзэл бодлоо сонгуулийн үеэр илэрхийлэх нь чухал, бусад үед нь үр дүнгүй шүү дээ” нийтлэл орсон байна.

Мөн өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр билээ. Энэ тэмдэглэлт өдөрт зориулан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондовын сонирхолтой ярилцлагыг унших боломжтой. Түүнээс гадна энэ дугаарт хүндийн өргөлтийн Азийн аваргын алтан медаль, олимпийн эрхийг хүртээд буй М.Анхцэцэгийн ярилцлага орсон байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *