Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцлээ. Иргэд хоорондоо мөнгө зээлж, түүнийгээ хүүтэйгээр эргүүлэн өгөх харилцааг УИХ Иргэний хуульд өөрчлөлт оруулах замаар хаасан нь олон нийтийн анхаарлыг татаад байсан билээ.
Уг хуулиар иргэд хоорондын зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байх зохицуулалт оруулсан нь иргэн өөрийн өмчлөлийн зүйл болох мөнгөн болон бусад хөрөнгөө хариу төлбөртэйгөөр бусдын өмчлөлд шилжүүлэх замаар шударгаар ашиг олох, өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг хязгаарласан. Өөрөөр хэлбэл ирэх есдүгээр сарын 1-нээс эхэлж иргэд хоорондоо мөнгө зээлж, зээлдүүлж болохгүй нөхцөл үүсээд байсан. Харин Цэц дунд суудлын хуралдаанаараа иргэд хоорондоо мөнгө зээлж, мөнгө зээлдүүлэх харилцааг үргэлжлүүлэх дүгнэлт гаргаж иргэд мөнгө, хөрөнгөө бусдад зээлж, түрээсэлж, түүнийхээ хариуд төлбөр, хүү авах боломж хэвээр үлдэж байна.
Энэ үйл явдлаас анзаарахад хөрөнгө гэж юу юм, тийм чухал зүйл юм уу гэх асуулт урган гарч ирж байна. Үндсэн хуульд иргэд хувийн өмч хөрөнгөтэй байж, түүнийгээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах бүрэн эрхтэй байдаг тухай заасан байдаг. Үүнийг иргэний заяагдмал эрх гэж үздэг. Гэтэл энэ заяагдмал эрхийг хуулиар хаах гээд байж. Манай зах зээл, эдийн засгийн эргэлт бол тэр чигээрээ хөрөнгө, мөнгөтэй холбоотой харилцаа. Гэтэл үүний нэг хэсэг болох иргэд хоорондын харилцааг хориглоод байсан нь өөрөө хууль бус байсан юм.
Заяасан эрх болоод олж авсан хөрөнгөтэй холбоотой үйл явцыг хааж боогоод байсан нь хачин. Хуучин нийгмийн үед байсан хоцрогдсон сэтгэхүйн үлдэгдэл өнөө бидний үед хүрч ирсний нэг илрэл л дээ. Хөрөнгөтэй хүн л бол буруу замаар баяжсан этгээд, хөрөнгө, мөнгө нь болбоос ариун бус аргаар босгосон зүйл мэтээр хөрөнгөтэй хүнийг харж, өөчилдөг манай нийгэм дэх буруу үзэл яван явсаар хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн хуультай болоход хүргэжээ. Хөрөнгө гэдгийг яагаад ч юм хууль бус гэдэг үл итгэсэн байр сууринаас хардаг хандлага өнөөдрийг болтол амь бөхтэй байгаад л хамаг учир байгаа юм. Хөрөнгөгүй хүн хөрөнгөтэй хүний замналыг ойлгохгүй, шууд л үл бүтэх этгээд гэж харддаг. Уг нь хэн ч бай амьд явах эрхтэй гэдэг шиг хөрөнгөтэй ч байх эрхтэй. Бурхан хүнд амь нас заяаж “За амьдраарай” гэдэг бол араас нь хоолтой байгаарай гээд хөрөнгийг нь илгээдэг гэдэг. Үнэндээ хоолгүй бол амьд явна гэдэг хэцүү. Ялангуяа манайх шиг ийм зах зээлийн нийгэмд хөрөнгө, мөнгөгүй бол урагш гишгэх боломжгүй. Гэтэл тэр хоол болсон хөрөнгийг нь битүүмжлээд “цоожилчихож” байгаа нь хүчээр өлсгөж байгаатай адил. Хүн бүхэнд ямарваа хэмжээгээр хөрөнгө байдаг. Тэрийгээ хоолоо олж идэх хэрэгсэл болгож амьдрал залгуулдаг нь бизнесийн л ухаан шүү дээ. Түүнээс биш шуналтайдаа хийдэг үйлдэл биш. Хүн бүр орчлонд дуу хадаан ирэхдээ өөрийнхөө хөрөнгийг дагуулж, буян хишгээ хамт авч ирдэг ч харин зарим нь салан баавгайн үлгэрт гардаг шиг “гээчихдэг” нь харамсалтай. Үүнээс л үүдэж хөрөнгөтэйгөө илүү үзэх хардлагын сэдэл үүсдэг.
Хүн хөрөнгөөрөө шударгаар ашиг олох эрхтэй. Энэ эрхээ эдлэх ёстой гэдгийг Үндсэн хуулийн Цэц харж, зүйтэй шийдвэр гаргалаа. Цэцийн энэ шийдвэр бол манай нийгэмд тогтчихоод байсан “Хөрөнгө бол муухай. Хөрөнгөтэй байх нь муу” гэсэн буруу хандлагыг тас цохисон үйл явдал боллоо гэж үзэж хүн хөрөнгөтэй байж, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй гэдгийг баталгаажууллаа гэж ойлгож болно.