Categories
мэдээ нийгэм

“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэлийн сургалтыг зохион байгуулж байна

ЦЕГ-аас Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх алба /Transnational Threats Department/-тай хамтран 2017 оны 10 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд Эрүүгийн цагдаагийн албаны төв байранд цагдаагийн байгууллагын алба хаагчдад зориулж “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэлийн сургалтыг зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтыг ЕАБХАБ-аас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл хариуцсан дөрвөн сургагч багшийн бүрэлдэхүүнтэй баг ирж удирдан явуулж байгаа юм. Сургалт таван өдөр үргэлжлэх бөгөөд үндсэн хоёр хэсгээс бүрдэж байна. Сургалтын эхний хоёр өдөрт буюу 10 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэл хариуцан ажилладаг 10 алба хаагчдад зориулсан сургагч багш бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Мөн энэ үеэр Монгол Улсад албан ёсны ажлын айлчлал хийж буй ЕАБХАБ-ын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан Тусгай төлөөлөгч, Элчин сайд хатагтай Мадина Ярбуссинова сургагч багш бэлтгэх сургалтын ажиллагаатай биечлэн танилцаж, сургалтад амжилттай хамрагдсан цагдаагийн алба хаагчдад сургагч багшийн сертификатыг нь гардуулж өгөв.

Харин 10 дугаар сарын 4-6 ны өдрүүдэд сургалтын дараагийн шат буюу аймаг, дүүргүүдийн цагдаагийн газар хэлтсийн 20 алба хаагчид хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн мэдлэг олгох анхан шатны сургалтыг сургагч багшийн сургалтад амжилттай хамрагдсан манай алба хаагчид ЕАБХАБ-ын сургагч багш нартай хамтран зохион байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *