Categories
мэдээ нийгэм

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, Элчин сайд Мадина Ярбуссинова тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Д.Ганзориг нар болон ЕАБХАБ-ын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан албаны ажилтнууд оролцлоо.

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгч нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар тус байгууллагыг улс төрийн түвшинд төлөөлдөг гол албан тушаалтан бөгөөд Гадаад харилцааны яамны шугамаар манай улсад ажлын айлчлал хийж байгаа ажээ.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг хүн худалдаалах гэмт хэрэг нь улс дамнан үйлдэгддэг ноцтой гэмт хэрэг болохыг онцлоод энэ асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч айлчилж байгаа нь дээрх гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажиллагааны эхлэл тавигдаж байгаагаараа ач холбогдолтой үйл явдал боллоо гэж үзэж байгаагаа мэдэгдэв.

Тусгай төлөөлөгч, Элчин сайд Мадина Ярбуссинова Монгол Улсын шүүхээр шийдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийн үзүүлэлт харьцангуй цөөн байгаа болон шүүхийн тогтолцооны талаар, түүнчлэн шинэ Эрүүгийн хуульд тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ял шийтгэл, хохирогч нөхөн олговор авдаг эсэхийг сонирхон асууж байсан юм.

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг шүүхээс сүүлийн 5 жилийн байдлаар хүн худалдаалах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн үзүүлэлт болон шүүхэд ирсэн энэ төрлийн хэрэг бүрт хуульд заасан ялыг оногдуулж байгаа хэмээв. Мөн шүүх бол хууль хэрэглэдэг байгууллага болохыг онцлоод хохирогч баримтаа гаргасан тохиолдолд нөхөн олговор олгож байгаа гэлээ.

Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэргийн чиглэлээр Монголын шүүгчдийг сургалтад хамруулах асуудлыг хөндөн ярьсан юм.

Тусгай төлөөлөгч, Элчин сайд Мадина Ярбуссинова Танхимын тэргүүн Т.Уранцэцэгт өөрийг нь хүлээн авч уулзаж, сонирхсон асуултад нь бүрэн дүүрэн хариулт өгсөнд талархсанаа илэрхийлээд Монголын шүүгчдийг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх болон бусад чиглэлээр сургалтад урьж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *