Categories
гадаад мэдээ

​Хүн халуун, хүйтнийг хэрхэн мэдэрдгийг тогтоосон эрдэмтэд Нобелийн анагаах ухаан ба физиологийн шагнал хүртжээ

Энэ жилийн Нобелийн шагналтнууд салбар салбаруудаар эхнээсээ тодорч байна. Шведийн нийслэл Стокгольм дахь Нобелийн хороо анагаах ухаан ба физиологийн салбарын шагналыг хүн халуун хүйтнийг, аль эсвэл биед нь хүрэхийг хэрхэн мэдэрдгийг нарийвчлан тогтоосон АНУ-ын эрдэмтэн Дэвид Жулиус, Ардем Патапутян нарт олгохоор болсныг онлайн горимоор зарлажээ. Энэхүү нээлт анагаах ухаан төдийгүй хамгийн сүүлийн үеийн виртуал ертөнцийн технологи, робот бүтээх аж үйлдвэрт хүртэл цоо шинэ боломж олгон хүн төрөлхтний хөгжилд маш чухал дэвшил авчрах аж. Нобелийн анагаах ухааны ассамблейн профессор Жулин Зират хэлэхдээ “Энэ жилийн хоёр шагналтан маань халуун хүйтэн хэм, механик хүч хүмүүс бидний мэдрэлийн импульсэд хэрхэн нөлөөлж, орчин тойрноо хэрхэн хүлээн авч дасан зохицдог үйл явцыг ойлгуулж тайлбарлалаа. Энэ тал дээр цоо шинэ нээлт хийсэн эрдэмтдэд маш их талархаж байна” гэжээ.

Бид жишээ нь, өглөө өвсөн дээр гишгэхдээ тэр нь хүйтэн шүүдрээр бүрхэгдсэнийг яаж мэдэрдэг талаар тэр бүр боддоггүй. Соматосенсорик буюу хүйтнийг халуунаас, хатууг зөөлнөөс бид нүдээ аньсан ч мэдэрдэг шүү дээ. Харин чухам яагаад гэдгийг нь хэдэн мянганы турш тайлбарлаж чадалгүй өнөөг хүрчээ. Францын философич Рене Декарт бүр XVII зуунд арьсанд цог хүрэхэд хүн түлэгдэлт мэдэрдэг нь энэ тухай ямар нэгэн аргаар тархинд мэдээ очсоноос үүдэлтэй байж болзошгүй гэж таамаглаж байв. XIX зууны сүүлээр дэлхийн тэргүүлэх эрдэмтэд хүний арьсан дээр ямар нэг гадны нөлөөг мэдэрдэг цэгүүд байдгийг нээсэн ч чухам яаж гэдэг нь оньсого хэвээр байжээ.

Тэгвэл АНУ-ын Калифорнийн их сургуулийн Дэвид Жулиус, мөн муж дахь Ховард Хьюзийн анагаах ухааны дээд сургуулийн Ардем Патапутян нар үүнийг шинжлэх ухааны үүднээс нотлон тайлбарлаж чадсан байна. Дэвид Жулиус олон мянган хувилбарыг ягштал шинжилсний эцэст хүний ДНХ дэх TRPV1 гэх уураг халуун мэдрэхэд нөлөөлдгийг илрүүлсэн бол Ардем Патапутян хүний биед ямар нэг зүйл хүрэхийг мэдэрдэг протеиныг нээж, Piezo нэр өгчээ. Түүнчлэн хоёр эрдэмтэн бараг нэг дор хүйтнийг мэдэрдэг хүний бие дэх эд эсийг лабораторийн аргаар тогтоожээ. Ийнхүү эдгээр хоёр эрдэмтэн хүний соматосенсорын гэх тогтолцоо халуун хүйтэн, биед хүрэх төдийгүй өвдөлт, тэр ч бүү хэл хүн биеийнхээ хөдөлгөөнийг хэрхэн мэдэрдгийг илрүүлжээ. Иймээс ч Нобелийн хороо мэдэгдэлдээ “Эдгээр эрдэмтэн байгалийн дахин нэг оньсогод хариулт өгч, молекул, эд эсийн түвшинд хүмүүс бид орчин тойрноо хэрхэн мэдэрч хүлээн авдгийг нээж өглөө” гэжээ. Салбар тус бүрт шагнал гардуулах албан ёсны арга хэмжээ уламжлал ёсоор Шведийн нэрт эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн Алфред Нобелийн нас барсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд Стокгольм хотноо болох юм байна.

Энд сонирхуулахад, Алфред Нобель анагаах ухааныг ихэд сонирхдог байсан агаад хүн төрөлхтөнд хамгийн ач тустай гурван шинжлэх ухааны нэг гэж үздэг байжээ. Анагаах ухаан ба физиологийн салбарт түүний нэрэмжит анхны шагналыг сахуугийн эсрэг ийлдсийг гаргаж авсан Германы нэрт эрдэмтэн Эмиль Адольф фон Беринг гардаж байсныг мөн дурдууштай. Ер нь анагаах ухаан ба физиологийн салбар дахь Нобелийн шагналыг хэнд гардуулахыг Шведийн Стокгольм дахь эзэн хааны нэрэмжит Каролингийн их сургуулийн ассамблей шийддэг байна. Түүнд анагаах ухааны дэлхийн шилдэг 50 эрдэмтэн профессор багтдаг бөгөөд тэднийг гурван жилд нэг удаа сонгодог журамтай ажээ.

Нобелийн шагналыг анагаах ухаан ба физиологийн салбарт хүн төрөлхтнийг олон халдварт өвчнөөс сэргийлсэн пенициллинийг нээсэн Александр Флеминг, компьютерийн томографи оношилгоог зохион бүтээсэн эрдэмтэд хүртэж байсныг мөн дурдууштай. Энэ шагналыг хамгийн их буюу 50 удаа генетикийн эрдэмтэд, үүний дотор Жеймс Вотсон, Фрэнсис Крик, Морис Вилкинс нар ДНХ-ийн бүтцийг нээснийхээ төлөө авч байжээ. Нобелийн шагналыг энэ салбарт эмэгтэй эрдэмтдээс хамгийн анх 1947 онд Герти Кори гардаж байсан. Тэр цагаас хойш 12 эмэгтэй энэхүү нэр хүнд бүхий шагналыг авчээ.

Хамгийн хачирхалтай нь, Австрийн алдарт нейрологич, психоанализыг үүсгэн байгуулагч Зигмунд Фрейд энэ шагналд хамгийн их буюу 32 удаа нэр дэвшсэн боловч нэг ч удаа аваагүй аж. 1929 онд Нобелийн хороо анагаах ухааны нэр хүнд бүхий шинжээчийг урьж авчран Зигмунд Фрейдийн судалгааны ажлуудад дүгнэлт өгөхийг хүсчээ. Тэрхүү шинжээч, “Зигмунд Фрейдийн судалгаануудын нэг нь ч шинжлэх ухаанч байдлаар нотлогдоогүй, анагаах ухаанд ямар нэг үнэтэй хувь нэмэр оруулаагүй тул цаашид авч үзэх шаардлагагүй” гэсэн дүгнэлт хийсэн нь саяхан ил болсон байна. Гэхдээ Нобелийн хороо тэрхүү шинжээчийн нэрийг өнөөг хүртэл олон нийтэд зарлаагүй билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *