Засгийн газрын саналаар УИХ долоо төрлийн татварыг нэмсэн. УИХ-ын энэхүү шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. Ялангуяа, 1.5 саяас дээш цалинтай буюу уул уурхайн салбарт ажиллаж буй хүмүүс олон нийтийн сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Учир нь, 1.5 саяас дээш орлоготой иргэдээс авах орлогын албан татварын хэмжээ нэмэгдэнэ. Гэхдээ зөвхөн 1.5 саяас илүү гарсан орлогоос нь 10, 15, 20, 25 хувийн шатлалтай татвар авах юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу иргэд 10 хувийн татвар төлдөг. Судалгаагаар орлогын албан татвар төлж байгаа иргэдийн 92 хувь нь 10 хувийн татвараа хэвээр төлөх тооцоо гарчээ. Харин үлдсэн найман хувийнх нь татвар л нэмэгдэнэ гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцоллоо. Өөрөөр хэлбэл, хүн амын орлогын албан татвар төлж байгаа нийт иргэдийн 92 хувь нь 1.5 саяас бага орлоготой ажээ.