Өнөө жил цаг агаар дулаан байгаа учир тариа буудай, ногоо тарих, мод суулгах ажил өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал арваад хоногоор түрүүлж яваа юм байна. Мод үржүүлгийн газрынхны хувьд энэ долоо хоногоос ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байсан ч ойрын хэд хоног цаг агаар тогтворгүй байснаас ялимгүй хойшилжээ. Улаанбаатар хотод ойролцоогоор 200 гаруй мод үржүүлгийн газар байдгаас хэд хэдэн компанитай нь холбогдлоо. “Бид ажилдаа өнөөдрөөс л гарч байна. Талбай дээрээ маргаашнаас л очиж хөрс шороогоо бордох, янзлахаас эхлүүлээд ажил ундарна. Сүүлийн үед орсон цас хөрсөнд нэлээд чийг өгчихлөө. Өмнөх жилүүдийг бодвол арай эрт ажил эхэлж байна.
Хувь хүмүүс бидэнтэй холбогдож мод хэрхэн тарих талаар зөвлөгөө авч байгаагаас үзвэл монголчуудын хувьд мод тарих гэдэг хол хөндий ажил биш болжээ гэдэг нь харагдаж байна” гэцгээж “Мод тарих ажил ерөнхийдөө ирэх долоо хоногоос жигдэрнэ” гэх хариулт өгч байлаа. Иргэдийн хувьд хэдэн жилийн өмнө гацуур мэтийн модыг ихэд сонирхон хашаа хороондоо тарьдаг байж. Харин сүүлийн үед алим, жимсний моддыг ихэд сонирхож иймэрхүү төрлийн модыг тарихдаа юунд анхаарах вэ, яавал үр жимсийг нь ахиухан хураах вэ гэж асуух болсон гэнэ. Хэдий мод үржүүлгийн өнөө жилийн ажил жигдрээгүй, үйл ажиллагаагаа эхлээгүй байгаа ч хувь хүмүүс, компаниуд зөвлөгөө, тусламж авч байгаа юм байна. Энд тэнд компаниудын урилгаар очиж хэрхэн мод тарих, модот хүрээлэн бий болгоход юунд анхаарах, ямар мод таривал зохимжтой байдаг талаар ярьж байгаа аж.
Мод үржүүлгийн салбартаа манайд дээгүүрт ордог “Цэцэрлэгжилт” компанийн ерөнхий инженер Ц.Цэвээндуламтай уулзлаа. Тус компанийн үржүүлгийн газрыг хүмүүс Сонгинын мод үржүүлгийн газар гэдгээр нь мэдэх болов уу. 120 дугаар цэргийн ангийн хажууд байрладаг талбайн 35 га-г зөвхөн мод үржүүлэхдээ ашигладаг юм байна. Эднийх нийт 33 нэр төрлийн мод үржүүлж байгаа гэнэ. Тэднээсээ 13 нэр төрлийг нь түлхүү үржүүлж, Улаанбаатар хот болон хувь хүмүүс, компаниудад нийлүүлдэг юм байна. Гадны орнуудаас туршилтын журмаар нэлээд мод оруулж ирэн ургуулж үзэж байгаа аж.
Иргэд үхрийн нүд, чацарганын моддыг тарих дуртай байдаг бол сүүлийн үед алим, тоорын моддыг ихэд сонирхож тарих болсон гэнэ. “Цэцэрлэгжилт” компани гурван жилийн өмнөөс усан үзэм, тоор, давжаа алимны моддыг туршилтаар ургуулсан нь нэлээд үр дүнтэй байгаа болохоор өнөө жилээс эдгээр моддыг нийслэл, иргэдэд нийлүүлэхээр төлөвлөж Улаан-Үдийн Ботаникийн хүрээлэнтэй гэрээ хийхээр болсон гэнэ. Ойн инженер Ц.Цэвээндулам “Хятад, Оросоос ямар ч хамаагүй жимсний мод авчраад иргэдэд тарь гээд худалдаж болохгүй. Мод үржүүлгийн газрууд тухайн модыг Монголын нөхцөлд хэрхэн ургахыг сайн туршиж, ургуулж нутагшуулсны үндсэн дээр л их оруулж ирдэг” гэж байлаа.
Нийслэлд шар хуайс, хайлаас зэрэг хэлбэржүүлдэг моддыг түлхүү тарьдаг. Тэхийн шээг, улиас, гүйлс мөн шилмүүст моддоос гацуур, нарсыг илүүтэй сонгодог. Том хотуудын хувьд моддыг олон шалтгааны улмаас тарьдаг. Мод байгаль орчинд ээлтэй. Модод агаар цэвэршүүлж, тоос шороог шингээж, дуу чимээг багасгадаг. Үндсээрээ ус чийгийг татаж газрын гадаргыг чийгтэй болгож эргэн тойрны хөрсөө сайжруулдаг. Ногоон моддыг харснаар хүнд тав тухтай мэдрэмж төрж, гоо сайхныг мэдрүүлдэг. Энэ мэтээр мод тарихын, модтой орчинд амьдрахын тусыг өгүүлээд барамгүй.
Цэцэгсээс хамгийн түрүүлж яргуй эрт дэлбээлдэг шиг эрт суулгадаг мод гэж байдаггүй гэнэ. Бүх модыг хавар дөрөв, тавдугаар сард, намар газар хөлдөхөөс өмнө буюу ес, аравдугаар сард тус тус шилжүүлэн суулгадаг юм байна.
Мод үржүүлгийн газрууд намар модны үрээ нэг бүрчлэн түүж цэвэрлэж хадгална. Тэгээд хавар дөрөвдүгээр сард газрын хөрсөө боловсруулаад тавдугаар сард үрээ тарьдаг юм байна. Нэг үрийг мод болгохын тулд 3-4 жил арчилж тордож, хөлс хүчээ зориулна. Тэгж гэмээнэ сая мод боллоо гээд иргэд болоод нийслэлдээ өгнө. Сүүлийн үед мод суулгах талаар мэдээллийн хэрэгслээр зөвлөгөө, зөвлөмжийг мэргэжлийн хүмүүс сайн хүргэж байгаа болохоор мөн Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгосон нь мод тарих нь бидэнд, байгальд хэрэгтэй юм шүү гэдэг сэтгэлгээг сэргээх болсон гэнэ.
Айлууд боломжоороо хашаандаа ганц нэг, хэд гурван мод суулгахаар сэтгэл гаргаад худалдаж авна. Тэгээд аваачаад суулгах болохоороо технологийн алдаа гарснаас өнөөх суулгац нь саглайсан сүрлэг мод болж чадахгүй тэгсхийгээд үхчихдэг. “Хүмүүс мод тарихаараа эхлээд модоо тогоондоо хийчихээд дээрээс нь хөрс хийдэг. Энэ бол буруу. Эхлээд хөрсөө сайн бэлдээд дараа нь модоо суулга. Энэ бол хамгийн зөв дараалал” гэж Ц.Цэвээндулам инженер хэлээд “Мод суулгачихлаа гээд орхиж болохгүй. Суулгасны дараахь арчилгаа, усалгаа маш чухал. Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлоос улбаалаад хөрс маш ихээр муудсан. Тиймээс тарьсан мод ургаж чадахгүй байх тохиолдол их байна. Тиймээс модоо их сайн арчлах хэрэгтэй” хэмээн зөвлөж байна. Ц.Цэвээндулам инженер уг нь эдийн засагч мэргэжилтэй юм байна. “Цэцэрлэгжилт” компанид анх эдийн засагчаар ажилд орсон ч явцын дунд яалтгүй ч мод мэдэх шаардлага гарч ирсэн учир ХААИС-ийн ойн инженерийн ангийг дүүргэжээ.Компанидаа 17 дахь жилдээ ажиллаж байгаа манай мундаг, залуу инженерүүдийн нэг юм. Тэрээр “Мод тарина гэдэг маш их хөдөлмөр зарцуулдаг ажил. Айл болгон хашаандаа 2-3 мод тарьчихвал Улаанбаатар хотын минь агаар цэвэршиж бид эрүүл орчин амьдрах болно шүү дээ. Айл болгон мод таривал ямар гоё вэ” гэж чин сэтгэлээсээ өгүүлж байлаа.
Хүмүүс тарьсан ургамал, ногоо, моддоо ургуулахын тулд элдэв төрлийн бордоо хэрэглэдэг. Шувууны сангас, бууц бол эко бордоо. Гэр хорооллын айлууд ерөнхийдөө энэ хоёрыг түлхүү бордоо болгон ашигладаг. Ийм бордоонуудыг хэрхэвч хуурайгаар мод руугаа хийж болохгүй юм байна. Усанд дэвтээж шингэн бордоо хийх замаар сардаа хоёр удаа бордоно. Гэхдээ тав, зургаа, долдугаар саруудад л ингэж бордох ёстой гэнэ.
Д.САРУУЛ