Categories
мэдээ нийгэм

“Хүмүүн бичиг-хүн бүрийн бичиг” тэмцээний аваргууд тодорлоо

Зураг

Үндэсний бичиг үсгийн өдрийг Сүхбаатарчууд сүүлийн жилүүдэд өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Уг өдрийн хүрээнд үндэсний бичиг үсгээ сурталчлан таниулах олон төрлийн ажил зохион байгуулдагийн нэг нь Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг уралдаан юм. Тус уралдаанд албан байгууллага, аж ахуйн нэгж, ард игэдийн төлөөллүүд оролцдог бөгөөд тэдний монгол бичгийн мэдлэгийг сорьсон том тэмцээн болдог. Энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээний аварга багаар Баруун-Урт сумын 9 дүгээр цэцэрлэгийн Монгол бахархал баг шалгарчээ.

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, орон нутгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг үсгийн соёлоо сурталчилах зорилгоор зохион байгуулагддаг Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг уралдаанд таван багийн 25 хүн оролцож оюун ухаанаа сорин өрсөлджээ.

“Оролцогчдын тоо өнгөрсөн жилээс буурсан хэдий ч баг бүрийн гишүүдийн монгол бичгийн талаарх мэдлэг, ур чадвар сайн байсан гэж хэлмээр байна. Өнгөрсөн жил 10 гаруй баг оролцож байсан. Энэ жилийн хувьд уралдааны зар орой хүрсэн, дээрээс нь байгууллагуудад маш олон ажил давхацсан учир оролцоо жаахан муу байсан гэж үзэж байна. Гэхдээ тэмцээн маань маш өрсөлдөөнтэй сайхан болж өнгөрлөө. Ялангуяа багууд гэрийн даалгавар болох ханын сониндоо маш их ач холбогдол өгсөн байна. Зөвхөн энэ тэмцээнд зориулж дээл хүртэл урласан байсан. Дээлэн дээрээ монгол бичгээ сурталчлсан уриалгануудыг хонин холбоо болон шигтшээ наамлаар хийсэн байсан. Энэ нь маш их өргөн утга агуулгатай, содон ханын сонин байж чадлаа. Энэ мэтчилэн энэ жилийн тэмцээн маань онцлог сонин зүйлтэй, өрсөлдөөн ихтэй болж өнгөрлөө. Дараа дараагийн жилүүдэд тэмцээн маань хүрээгээ тэлэх болно. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс анхаарах, үйл ажиллагаагаа сайжруулах зүйл их байна…” хэмээн аймгийн Боловсрол соёл урлагийн газрын Монгол хэл, бичгийн сургалт хариуцсан мэргэжилтэн П.Амартуяа хэллээ.

Тус тэмцээнийг аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Нийтийн номын сан, Гуравдугаар бүрэн дцнд сургуулиуд хамтран зохион байгуулдаг билээ. Тэмцээний аварга багаар Баруун-Урт сумын 9 дүгээр цэцэрлэгийн Монгол бахархал баг шалгарсан бол 5 дугаар цэцэрлэгийн Хүмүүн бичиг, 4 дүгээр бүрэн дунд сургуулийн эцэг эхийн төлөөллийн Эх хэл-Эх орон багууд удаах байрыг эзэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *