Хятадын ой модны захиргаа, Олон улсын байгаль хамгаалах нэгдэл, нэн ховордсон ан, амьтан үржүүлгийн газрын олон жилийн хөдөлмөрийн үр дүнд мөхлийн ирмэгт хүрээд байсан “Панда” буюу хулсны баавгайн төрөл зүйл аврагдсан тухай албаны эх сурвалж мэдээллээ.
ОУБХН өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргаж, “Панда” баавгайн тоо толгой нэмэгдэн “устах аюултай” ангиллаас дэвшиж “эмзэг” ангилалд шилжсэн болохыг зарласан байна.
Өнгөрсөн даваа гараг буюу есдүгээр сарын 5-нд Хятадын ой модны захиргаа дээрх ангиллын өөрчлөлт нь хэт эртэдсэн үйлдэл, аюул холдох болоогүй байгаа гэж тус улсын “Ардын өдрийн” сонинд мэдээлжээ.
Захиргааны мэдэгдэлд “хэрвээ бид ангиллыг бууруулж, авах арга хэмжээгээ багасгавал олсон амжилтаа даруй алдана” гэсэн байна.
Төв Хятадын хулсан ой шугуйд амьдрах “Панда” баавгай нь нэн ховордсон амьтан юм. 2015 оны 11 дүгээр сарын байдлаар Хятадын аварга хулсны баавгайг хамгаалах хүрээлэнд 454 тоо толгойг тэжээж байж. Хятад улсаас гадна бусад улсад 27 хулсны баавгайн амьтны хүрээлэнгүүдэд байдаг аж. Зэрлэг буюу байгальд байгаа тоог нарийвчлан тогтоож чадаагүй байгаа ба 1600-3000 орчим хэмээн таамаглаж байгаа юм.
Хулгайн ан болон ой шугуйн хорогдлоос болоод 1980-аад оны үед пандагийн тоо толгой мянга хүрэхгүй болоод байсан юм.
Бээжингийн зүгээс пандаг өсгөх төрөл бүрийн арга хэмжээг авсны дотор нөхөн үржих сонирхлыг нь өдөөх, тэр ч байтугай хэлийг нь судлах ажил ч багтаж байжээ.
Э.МӨНХ