Монгол Улсыг төлөөлөн “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” Олон улсын хүүхдийн форумд оролцох хүүхдүүдийг 2018 оны гуравдугаар сарын 6-нд МХБХ-ны байранд сонгон шалгаруулна.
Энэхүү сонирхолтой хөтөлбөрт улс орон бүрээс 12 хүртэл насны өсвөрийн хөлбөмбөгчин болон сэтгүүлч хүүхэд оролцож, эх орноо төлөөлөн сурталчилдаг уламжлалтай. Олон орны хүүхдүүдэд хөлбөмбөгөөр дамжуулан эх дэлхийн эв нэгдлийн төлөө хамтдаа тоглож, эх орноо сурталчилах том боломж олгодог “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/ анх удаа оролцох гэж байна.
Энэ үйл ажиллагааг ОХУ-ын Газпром ХК, ОУХБХ зургаан жилийн өмнөөс хамтран зохион байгуулах болсон бөгөөд ОУХБХ-ны гишүүн 211 улс идэвхтэй оролцдог юм. Оролцох хүсэлтэй хүүхдүүдийг дараах шалгуурын дагуу сонгоно.
Тоглогч хүүхэд нь: нэгд, хөлбөмбөг сонирхон хичээллэдэг байх, түүн дотроо хагас хамгаалагчийн байрлалд тоглодог бол давуу тал болно, хоёрт англи хэлний харилцааны зохих түвшний мэдлэгтэй байх, гуравт, өөрийгөө илэрхийлэх, ярих чадвар болно.
Сэтгүүлч хүүхэд нь: англи юмуу орос хэлний зохих түвшний мэдлэгтэй, хөлбөмбөг сонирхдог, зохих түвшний мэдлэгтэй байх, мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хүүхдийн болон сургуулийнхаа хэвлэл мэдээлэлд ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Шалгарсан хүүхдүүд 2018 оны гуравдугаар сард “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” үйл ажиллагааны зохион байгуулах хорооны төлөөлөгчийн хамт хэвлэлийн бага хуралд оролцоно. Түүний дараа эх орондоо хөлбөмбөг сурталчлах ажлуудад оролцоод, 2018 оны зургадугаар сарын 3-18-нд ОХУ-ын Москва хотноо очиж фестивалийн үйл ажиллагаанд оролцоно.
Монгол Улсаас шалгарсан тоглогч хүүхэд Москва хотноо хөлбөмбөгийн зуны сургалтанд хамрагдан, тэнд болох бүх дэлхийн хүүхдүүдийн нэгдсэн тэмцээнд хагас хамгаалагчаар тоглоно. Сэтгүүлч хүүхэд мөн сэтгүүл зүйн зуны сургалтанд хамрагдан, өөрийн тоглогчийн тухай сурвалжлага, материал бэлдэх бөгөөд хоёул “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” наадмын үйл ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцож, Монгол Улсын тухай танилцуулга, мэдээлэл түгээж, ярилцлага өгч, дэлхийн цомын нээлтийн үйл ажиллагааг үзэх юм.
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсад хөлбөмбөгийн спорт хөгжиж байгаагийн баталгаа, мөн ирээдүйд улам хөгжих итгэл найдварыг дэлхий дахинд хүргэх илэрхийлэл болох төдийгүй оролцогчд хүүхдэд насан туршид нь үл мартагдах сайхан дурсамжийг үлдээнэ гэдгээрээ онцлогтой.