Categories
мэдээ нийгэм

Хөл хорионы үед гэрээсээ гарсан, автомашинаар зорчсон иргэнийг 150 мянга, ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгоно

Цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах, болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор дадлага сургуулийг хэрхэн зохион байгуулах талаар нийслэлийн Онцгой байдлын газар болон Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хамтран мэдээлэл хийлээ.

“Тавдугаар сарын 6-нд Улс болон нийслэлийн Онцгой байдлын шуурхай штабууд хариу арга хэмжээний үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг хийхээр төлөвлөсөн.

Харин 7-нд зөвхөн Чингэлтэй дүүрэгт 08:00-18:00 цагт хөл хориог тогтооно. Энэ өдөр Чингэлтэй дүүргийн хилийн заагаар тухайн нутаг дэвсгэр рүү орох, гарах хөдөлгөөнийг хаана.

Уг дадлага сургуульд Чингэлтэй дүүргийн 150 мянга гаруй иргэн хамрагдах бөгөөд 08:00-18:00 цагт гэрээсээ гарахгүй байх үүрэг хүлээнэ” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар мэдээлэв.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн “Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд хэрхэн ажиллах талаарх асуулт их ирж байна. Зарим аж ахуйн нэгж өглөө зайлшгүй ажиллах шаардлагатай ажилтнуудаа 08:00 цагаас өмнө оруулж, 18:00 цагаас хойш гаргах шийдлийг сонгож байхад зарим нь цахимаар ажлаа хийхээр болж байна. Энэ бол тухайн байгууллагын дотооддоо хийх зохион байгуулалт юм.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр нь хилийн зэсээ тойроод нийт 63.9 км үргэлжилдэг дүүрэг. Дадлага сургуулийн үеэр хилийн цэсээр бүтэн харуул хамгаалалтад 700 гаруй алба хаагч ажиллана.

656 цэг дээр алба хаагчдыг байршуулж, орох болон гарах хөдөлгөөнийг хаана. Харин шаардлагатай тохиолдол нэвтрэх долоон орц гарцыг гаргана.

Дүүргийн томоохон уулзварууд дээр цэргийн зэвсэг техник орж ирж, зам хаах тул иргэд сэтгэл санаагаа бэлдэж, тайван байхыг хүсье. Энэ бол зөвхөн дадлага сургуулийн үед л орж ирсэн техник хэрэгсэл гэдгийг ойлгох нь зүйтэй” гэв.

Мөн тэрбээр дадлага сургуулийг 72 цагийн хугацаанд зохион байгуулах хэдий ч 21 хоногийн хугацаанд хөл хорио тогтоовол ямар арга хэмжээг хэрэгжүүлэхийг тооцож, үйл ажиллагаагаа зохион байгуулна гэлээ.

Чингэлтэй дүүргийн хөл хорио тогтоох өдөр дүүргийн шуурхай штабаас 12:00 болон 16:00 цагт шууд дамжуулалтаар мэдээлэл өгөх аж. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслийг дотогш нэвтрүүлэхгүй хэмээн албаныхан мэдээлэв.

Мөн дадлага сургуулийн үеэр байлдааны зориулалтын техник хэрэгслийг ашиглахгүй гэдгийг НОБГ-ын дэд дарга Э.Эрдэнэбаатар тодотголоо.Мэдээллийн дараагаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар сэтгүүлчдийн болон иргэдээс ирүүлсэн асуултад хариуллаа.

-Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоосон үед гэрээсээ гарах, автомашинаар зорчсон тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

-Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 150 мянга, ААН, байгууллагыг 1.5 сая төгрөгөөр торгох асуудал яригдана.

Гамшгаас хамгаалах хуулийн дагуу бид бэлэн байдлын гурван зэрэгт ажилладаг. Дадлага сургууль нь хуулийн дагуу хэрэгжүүлж буй арга хэмжээ тул зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хариуцлага тооцох нь зөв гэж үзэж байгаа.

-Хөл хорио тогтоосон хугацаанд зайлшгүй шаардлага гарсан үед иргэд ямар утсаар холбогдож, зөвлөгөө тусламж авах вэ?

-101, 102, 103, 105 дугаарын утсууд ажиллах тул иргэд шаардлагатай тусламж үйлчилгээгээ авах боломжтой. Мөн 70007105 дугаарын утсаар Чингэлтэй дүүргийн Шуухай штабтай холбогдож, мэдээлэл авч болно.

-Тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүрэг рүү нийтийн тээвэр оруулах уу. Чиглэлүүдийг өөрчлөх үү?

-Дээрх хугацаанд нийтийн тээврийг дүүргийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй. Тиймээс нийтийн тээврүүд хилийн цэсээр тойрон явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *