Тайванийн эрх баригчид коронавирусийн цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй халдвар хамгааллын журмыг найман секунд зөрчсөн хүнийг 3500 ам.доллараар торгожээ. Филиппинээс ирсэн цагаач ажилчин эрэгтэй Каохсиунг хотын нэгэн зочид буудалд тусгаарлагдаж байхдаа хажуугийн өрөөний найздаа юм өгөх гэж хальт гарсныхаа төлөө ийм их хэмжээний торгуульд унасан байна.
Тус хотын Эрүүл мэндийн газрын мэдээлснээр буудлын ажилчид хөл хорио зөрчсөн эрэгтэйн үйлдлийг хяналтын камерын тусламжтай илрүүлэн торгосон байна. Иймд, тусгаарлагдаж буй бусад хүмүүст өрөөнөөсөө хэдэн секунд ч гарч болохгүйг Эрүүл мэндийн газар хатуу анхааруулжээ.
Цар тахалтай тэмцэж буй Тайванийн туршлагыг ДЭМБ сайшааж байгаа билээ. Тайвань нь Хятад шиг хатуу хөл хорио тогтоож байгаагүй ч хөл хорио зөрчигсдөд ногдуулах торгуулийн арга хэмжээг маш чанд мөрдөж байгаа юм. Мөн Засгийн газар нь олон нийтийг шинжилгээнд хамруулах, халдвар авсан хүмүүсийн хавьтлуудыг аль болох хурдан олж илрүүлэх ажилд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулж байна. Нийт 23 сая хүн амтай Тайваньд цар тахал эхэлснээс хойш 716 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ.