43 настай, нялх биетэй эмэгтэй вакцин хийлгэснийхээ маргааш нь нас барсан талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг тайлбар өгчээ.
Сүүлийн үед жилд 10 орчим хөхүүл болон жирэмсэн эмэгтэйд энэхүү эмгэг тохиолдож байна. 2019 онд энэхүү эмгэгээр хоёр эх эндсэн.
Тэрээр “43 настай эмэгтэй нас барсанд маш их харамсаж байна. Тэрээр амаржаад 40 хонож байсан. Талийгаач энэ сарын 9-ний өглөө 10:46 цагт вакцинаа хийлгээд 10-ны 21:40 цагт нас барсан эмгэнэлтэй тохиолдол гарсан. Эрүүл мэндийн нийт салбарынхны өмнөөс талийгаачийн гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Хөхүүл эмэгтэй вакцин хийлгэснээс болж нас барлаа гэх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж, энэ нь вакцинжуулалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Вакцины дараах урвал хүндрэлийн шалтгааныг тодорхойлох тусгай хороо ажилладаг. Олон мэргэжилтнээс бүрдэх томоохон баг ажилладаг гэсэн үг. Тус хороо урвалуудын тохиолдлыг судалдаг ба энэ тохиолдолд задлан шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар, эмэгтэй нас барсан шалтгаан нь вакцинтай холбоогүй болох нь тогтоогдсон. Эцсийн хариу гараагүй байна.
Цаг хугацааны хувьд вакцинжуулалттай давхцаж тархинд цус харваж нас барсан байна
Талийгаач тархины суурийн судасны өмнөд артерийн салаалсан хэсэгт цүлхэнтэй байсан ба тэр нь хагарснаас болж тархины хоёр талт бөмбөлгийн бүрхүүлийн тархмал цус харвалт үүссэн. Үүнээс болж нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна. Энэ нь халдварын бус эмгэгийн хувьд зүрх судасны шалтгаант нас баралтын нэгдүгээрт бичигддэг. Сүүлийн 5 жилийн байдлаар жилд 6200 хүн тархины харвалтаар эмнэлэгт хэвтдэг. Нас баралтын эрсдэл нь маш өндөр буюу 60-87 хувь нь тусламж авч чадалгүй эсвэл тусламж авч байхдаа нас бардаг. Мэс засал хийж болдог, амжилттай болсон ч мэс заслын дараах 14 хоногт нас баралт 16 хувьтай байдаг. Сүүлийн үед жилд 10 орчим хөхүүл болон жирэмсэн эмэгтэйд энэхүү эмгэг тохиолдож байна. 2019 онд энэхүү эмгэгээр хоёр эх эндсэн. Талийгаачийн хувьд сүүлийн жилүүдэд даралт ихсэх эмгэгээр хяналтад байсан ба жирэмсний түүхийн картад ч мөн энэ талаар бичсэн байсан.
Санамсаргүй байдлаар оношлогддог, ихэнхдээ шинж тэмдэггүй байдаг өвчин. Харамсалтай нь оношоо мэдэхгүй явж байсан байх магадлалтай. Цаг хугацааны хувьд вакцинжуулалттай давхцаж тархинд цус харваж нас барсан байна” гэлээ.