Categories
мэдээ цаг-үе

Хужиртын “гүнзгий” ангийнхан

 “Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн дугаарт Хужиртын “Гүнзгийгийнхэн” уригдлаа. Өвөрхангай аймгийн Хужирт сумын арван жилийн сургуулийг 1991 онд Л.Дашням багштай төгссөн тус ангийг багш нар болон үе тэнгийнхэн нь “гүнзгийгийнхэн” гэж нэрлэдэг, дууддаг байсан учраас энэ удаа ч гэсэн “Гүнзгийгийнхэн” хэмээн нэрлэлээ. Тэдний төгсдөг жил тус сургуулийг Д.Баяндуулдах багштай 10а, Д.Санжаа багштай 10б, Л.Дашням багштай 10в, Г.Адъяадолгор багштай 10г гэсэн дөрвөн ангийн 100-аад сурагч төгсч байж.  

1989 онд сургалтын чанарыг сайжруулах тухай шинэ төлөвлөгөө гарч, ойр орчмын сумдаас бүсийн математикийн олимпиадуудад нэг, хоёрдугаар байрт орсон сурагчдыг нэгтгэн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээхээр болжээ. Ингэж Хужирт, Хархорин, Баян-Өндөр, Зүйл, Өлзийт сумдаас шилэгдсэн 22 хүүхдээс бүрдсэн Л.Дашням багштай 8в анги байсан гэдэг. Ангийн багш Л.Дашнямын хувьд өдгөө ч төрөлх сургуульдаа багшлан, олон арван шавь нартаа математикийн хичээл заасаар байгаа гэсэн.

8в-гийнхан шилэгдэж нийлсэн анги болоод ч тэрүү 10в анги болж төгстөлөө зөвхөн математик гэлтгүй сургууль, сум, бүс, бүр аймгийн хэмжээнд зохиогдсон бүхий л уралдаан тэмцээнд үргэлж тэргүүн байрт явна. Эдний ангийн олонхи нь багш нарын хүүхдүүд гэдгээрээ мөн онцлогтой юм билээ. Энэ нь ч тэдний сурлагын чанар, амжилтад нөлөөлдөг байсан биз ээ. 

Математикийн хичээлийг нөгөө ангийнхнаасаа хавьгүй хүнд программаар гурван жил үзсэн учир төгсөх шалгалт болон их сургуульд элсэх конкурсын шалгалт болоход багш, сургууль, эцэг эхчүүд нь тэднээс их зүйл хүлээж байсан нь мэдээж. Тухайн үед улс орон даяар ардчиллын хөдөлгөөн өрнөж, хаа хаанаа л эмх замбараагүй байхтай зэрэгцэн эдний ангийнхан ч бүгдээрээ их сургуулийн оюутнууд болж чадсан байна. 

Өдгөө тус ангиас их эмч хоёр, багш дөрөв, инженер тав, санхүүч найм зэрэг улс, нийгмийнхээ тэргүүлэх мэргэжилтэй боловсон хүчин болж амжжээ. Тухайлбал, Г.Амарбаясгалан тухайн үеийн АУИС-ийг төгсч их эмч мэргэжил эзэмшин, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн ажил эрхэлжээ. Гэхдээ өдгөө тэрээр Норвеги Улсад Монгол, Норвегийн хамтарсан нэгэн эрүүл мэндийн төсөл дээр ажиллаж байгаа гэнэ лээ.

1991 оны хавар. Сургуулиа төгслөө

Сум, нэгдлийн дарга асан н.Дамдинпүрэвийн охин Тунгалаг тэр үеийн УБИС-ийг философич, түүхч, эрхзүйч мэргэжлээр төгсөн одоо ХААИС-д мэргэжлээрээ багшилж байна. Харин ангийн хөвгүүн Л.Лханаран ШУТИС-ийн холбооны инженерийн сургууль төгсч, Англи Улсад мөн мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалжээ.

Тухайн үед ангийнхаа хичээлээс гадуурх бүхий л ажлыг зохион байгуулдаг өдгөө ч тэр “үүргээ” огт умартаагүй үргэлжлүүлж байгаа хүн бол ангийн эвлэлийн үүрийн дарга Ц.Лхагвадулам. Тэрээр Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн багш, татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн багш, “Монгол бизнес” дээд сургуульд багш зэрэг олон албыг нэгэн зэрэг хашдаг. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч гэсэн “цол, хэргэмтэй” юм билээ. 

Энэ ангиас цэргийн нэг хүн төрсөн нь дэд хурандаа Б.Дорждэрэм. Тэрээр Батлан хамгаалахын их сургуулийг төгсч, сургуульдаа багш, тэнхимийн эрхлэгч хийж байгаад өдгөө Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийн орлогч болжээ.   

Ангийн нөхөд нь “чимээгүй од” хэмээн нэрлэдэг хүн бол Б.Энхтайван. Тэрээр “Анандын зам” компанид ажилладаг ч үүрэгт ажлынхаа хажуугаар өөр олон зүйлийг хэдийнэ амжуулчихсан явдаг гэсэн. Хэзээний л дуу цөөтэй тэрээр өнгөрөгч долдугаар сард болсон ангийн уулзалтын үеэр сумынхаа шинэ зах, зочид буудал барьсан бригадыг ахалсан гэсэн сайхан мэдээг дуулгажээ. Үүнийг ч ангийнхан нь “Ёстой л манай чимээгүй од шүү” хэмээн инээлдэж хүлээн авчээ.

Ангийн багшаараа “чихдүүлж” ирсэн нь

10в-гийнхэн наймдугаар ангийн намраас эхлэн намрын ажилд явж эхэлжээ. Сумын төвөөс баруун тийш байх Жамбалын тариалангийн талбайд намар бүр ажиллана. Хэдийгээр 22 хүүхэдтэй ч гэсэн 30 хүүхэдтэй ангиас хийсэн ажлаараа тэргүүлээд л гараад ирдэг гэж байгаа. Хариуцуулсан ажлыг эцэст нь тултал, эсвэл бүр илүү гартал хийх ажлыг хөвгүүд нь ахална. Тэд “22-уулахнаа ч гэсэн 30-ын дор орохгүй шүү. Тэр, тэр үүнийг хий. Хэрэв чадахгүй бол тэрнийг дуудаад туслуулаарай. Бүр болохгүй бол бүгдээрээ хамтраад хийчихье” л гэнэ. Ингэж зохион байгуулснаар ч зарласан уралдаан бүрт тэргүүлнэ. 

Намрын ажил зөвхөн уралдаан тэмцээн төдийгүй гэгээн сайхан дурсамж, хөгжилтэй үйл явдлуудаар дүүрэн өнгөрдөг байжээ. 1990 оны намар намрын ажил дээр ажиллаж байхдаа ангийн охин Д.Цолмонгарав бухлынхаа хажууд ухаан алдчихсан хэвтэж байна гэнэ. Ангийн хөвгүүд тусламж энэ тэр дуудах болж нааш цааш сандралдан гүйлдэхэд ангийн охид нь харин хэзээний гашуудаж байгаа мэт уйлан зогсож байна гэнэ. Энэ үед ангийн багш болон хариуцан ажиллаж байгаа томчууд ч ирж, Д.Цолмонгаравыг өргөх гэтэл тэрээр инээсээр босоод иржээ. Ангийн хөвгүүд болон багш нарыгаа айлгасан энэ үйл явдал нь охидын зохион байгуулсан хөгжилтэй явдал байжээ. Гэхдээ охид нь хүмүүсийг “маш ихээр айлгасан” хэрэгт орж, тэр өдөртөө хэдэн бухал өвс илүү овоолох ажилд “томилогдсон” гэдэг. 

2014 оны долдугаар сар. 23 жилийн дараа уулзсан нь

Ангийнхан бие биенээрээ их тоглоно. Хариуд нь нөгөөдүүл нь тоглоом даана ч гэж жигтэйхэн. Гадаад төрх, нүүрний өнгө, хэлбэр хэмжээгээрээ бүгдээрээ нэр хочтой. Ямаа Нямзориг, вагон Энхбаатар, машин Ганболд, дэлдэн Дэрэм, Шоохой Бат-Эрдэнэ, шар шувууны үүр Лхагваа гээд л нэрлээд байвал үргэлжлээд л байна. Бүр машин Ганболдыгоо “Маяглаад байвал сэлбэгэнд өгнө шүү” гэж хүртэл хэлж үзнэ. Шар төрхтэй нэгнийгээ Орос явах болоход “Нутаг буцлаа юу” ч гэж хэлэх нь энүүхэнд.

Гүнзгийрүүлсэн сургалттай ангийнхныг “гүнзгийгийнхэн” гэж нэрлэдэг тухай дээр хэлсэн. Тэгсэн нэг өдөр ангийн хүү н.Дамбийнямын дүү нь ангийн хаалгаар шагайснаа “Гүнзгий, гүнзгий л гээд байсан үгүй л юм байна ш дээ” гээд хаачихсан удаа ч бий. Балчир дүү нь гүнзгийгийнхэн гээд байхаар ангийнх нь голд гүн нүх ухчихсан байх юм гэж бодож л дээ.

Ангийн олонхи нь буюу 13 нь эрэгтэй. Тэд завсарлагааны үеэр сав л хийвэл сургуулиас гарч тэвэг тоглоно эсвэл биеийн тамирын талбай дээрх труник руу гүйчихнэ. Харин буцахдаа Л.Дашням багшаараа чихдүүлчихсэн ирнэ дээ. Энэ мэтчилэн гэнэн бага насны хөгжөөнт үйл явдлууд арван жилийн сурагч насанд тун ч олон тохиолдоно. 

“Ном, дэвтрээ аваад яваарай”

Ангийн олонхи нь Хужиртынх ч гэлээ тэд энд, тэндээс ирсэн гэдгээрээ хэзээ ч ялгарч, эсвэл нэгнийгээ илүүд, дорд үзэж байгаагүй гэсэн. Ямартаа л төгсөөд 23 жилийн дараа буюу өнөө жилийн зун төрөлх сургууль байгуулагдсаны 90 жилийн ойгоор уулзахад 20-уулаа цуглаж байхав дээ. Гэхдээ тэд зөвхөн төгсөлтийн ой, сумын ойн үеэр уулзалддаггүй. Томоохон баяр, тэмдэглэлт өдрүүд тэр бүү хэл нэгнийхээ хүүхдийн үсний найрны үеэр ч уулзалдацгаадаг аж. Хамгийн гол нь ингэж уулзах бүртээ хүн бүр заавал нэг сайн сайхан, дэвжин дээшилсэн тухай мэдээтэй уулзахыг хичээдэг нь хамгийн бахархууштай гэж ангийнхныгаа төлөөлж ирсэн нөхөд нь ярьж байна лээ. 

Нэг ангийнхны гэр бүлийнхэн нь хэдийнэ энэ ангид уусчихжээ. Бүр хамгийн үлгэр жишээ бэр, хүргэнээ ч тодруулчихаж. Эдний ангийн үлгэр жишээ бэр нь н.Дамбийнямын эхнэр В.Март аж. В.Март Төв аймгийн хүн. Тэнд арван жилийн сургуулиа төгссөн ч Хужиртад төгссөн юм шиг л уулзалт бүрийг зохион байгуулдаг гэсэн. 

Дээр хэлсэнчлэн ангийнхан үргэлж холбоотой байж, тэмдэглэлт өдрүүдэд уулзалдацгаана. Харин удаа дараагийн уулзалтад ирэхгүй нэгэндээ шийтгэлтэй. Ингэхдээ ирээгүй нэгэн рүүгээ “Үнэхээр хүндэтгэх шалтгаангүйгээр уулзалтдаа ирэхгүй бол ном, дэвтрээ аваад ангиас яваарай” хэмээн бүгдээрээ мессэж биччихдэг гэж байгаа. Ийм мессэж 20 удаа ирвэл тун ч хэцүү байдалд орох тул хэн ч ээлжит уулзалтаас сугарч үлдэхгүйг хичээнэ.

Ийнхүү арван жилийн дурсамжаа хүүрнэсэн нэг ангийнхантай уулзсан билээ. Тэдний ажил, амьдралын цаашдын аялал олон олон адал явдал, амжилт бүтээлээр дүүрэн байх биз ээ.  

Т.ГЭРЭЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *