Categories
мэдээ нийгэм

Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх зөвлөмж хүргүүлэв

Холбоотой ЗурагМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Засгийн газарт Зөвлөмж хүргүүлээд байна.

Тус Зөвлөмжид “Комисс жил бүр хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан бөгөөд хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлдээ тусгаж байсан. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо тус илтгэл болон Комиссын санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, хүүхдийг үл хайхрах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хууль тогтоомжийг шинэчилж сайжруулах, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” (MNS 6264-2011) стандартыг хангаж ажиллах чиглэлийг Засгийн газарт өгсөн билээ.

Гэвч өмнөх Засгийн газрууд хүйтний улиралд буюу газар, зам харгуй хөлдүү, цас мөс, халтиргаа гулгаатай жил бүрийн 11 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэлх хугацаа буюу өвөл, хаврын хүйтний улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулах шийдвэрийг удаа дараа гаргаж байсан. Үүнээс болж тус уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарсан байна. Зарим тохиолдлоос дурдвал;

  • Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Монголын морин спорт уяачдын холбооноос 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан Төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны явцад нийт 16 хүүхэд мориноос унаж 2 хүүхдийн зүүн хөлний шилбэний хэсэг хугарч гэмтсэн;
  • “Дүнжингарав-2017” төвийн бүсийн хаврын уралдааныг хүйтний улиралд буюу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр нийт 31 хүүхэд мориноос унаснаас 1 хүүхдийн гарын шуу хэсэг, 1 хүүхдийн хөлний шилбэ хэсэг хугарсан;
  • Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан хаврын бүсийн уралдааныг “Засагт ханы хурд -2017” уралдааны үеэр нийт 10 орчим аймгийн уяачид оролцож их нас, азарга, соёолон, эрлийз 4 насны, нийтдээ 460 орчим хурдан морьдыг давхардсан тоогоор нийт 153 унаач хүүхэд унаж оролцсоноос 3 хүүхэд мориноос унасан;
  • Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хурдан морины уралдаанд нийт 13 хүүхэд мориноос унаж, 3 хүүхэд толгойдоо хүнд, 2 хүүхэд хөнгөн гэмтэл авсан бол 1 хүүхдийн хацрын яс цуурсан;
  • Дорноговь аймгийн Засаг даргын А/159 захирамжийн дагуу Сайншанд суманд “Хутагтын хурд-2017” хурдан морины уралдааныг 2017 оны 03 дугаар сарын 12 ны өдөр зохион байгуулсан азарга, их нас, соёолон гурван насны морин уралдаанд 2 хүүхэд мориноос унасан;
  • Ховд аймгийн Дөргөн суманд 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж толгойдоо хүнд гэмт авсан байх ба эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байгаад 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу 16 хоногийн дараа нас барсан;
  • Сүхбаатар аймагт 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн “Жавхлант шарга” морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан хурдан морины уралдааныгзохион байгуулах үеэр нийт 14 хүүхэд мориноос унасан тохиолдол тус тус гарсан гарсан байна.
Иймд НҮБ 1989 онд баталж, манай улс 1990 онд соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн Хүүхдийн эрх, ашиг сонирхолыг нэн тэргүүнд харгалзаж, 2010 онд НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, соёлын байгууллагаас жил бүрийн 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг баяр, наадмыг “соёлын биет бус өв” гэж бүртгэж хүлээн зөвшөөрснийг хүндэтгэж, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөл, хаврын (хүйтний улиралд) хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх, уралдаан зохион байгуулах тухай Засгийн газраас шийдвэр гаргахгүй байхыг Танаас хүсэж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу энэхүү Зөвлөмжийг хүргүүлэв” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *