Categories
мэдээ улс-төр

Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд заллаа

Булган аймгийн Могод сумын Хүйс толгой хэмээх газраас олдсон Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд өнөөдөр заллаа.

Монгол брахми бичиг бүхий энэ дурсгал 1400 жилийн тэртээд хамаардаг юм. Тодруулбал, ОХУ-ын Эрмитаж дахь “Чингисийн чулуу”-ны бичгээс 600 орчим жилийн өмнөх үед орно.

БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Д.Цэнд ахлагчтай анги 1967 онд Булган аймгийн Могод сумын нутаг, Хүйс толгой хэмээх газраас үл мэдэгдэх бичээс бүхий гурван хөшөө олсон түүхтэй. 1972 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Шинэхүү үүнийг баримтжуулж, эртний брахми бичиг болохыг тогтоожээ. 2014 онд ХБНГУ-ын Д.Мауэ нарын дөрвөн улсын эрдэмтэд брахми үсгээр монгол хэлний авиаг тэмдэглэсэн бичээсийг бүрэн тайлж уншсан байна. Эрдэмтэн, судлаачид Хүйс толгойн бичээсийг Түрэгийн хаант улсын эхэн үед хааны тахилгад зориулан босгосон гэж үздэг. Бичээст Түрэгийн хааны нэр, цолоос гадна түүнээс өмнөх үе буюу Монголын эртний төрт улс Жужаны Анахуэй хааны нэр ч байдаг юм.

Монгол Улсын Засгийн газар энэ оны есдүгээр сарын 25-нд тогтоол гарган Хүйс толгойн бичээсийг “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт”-д оруулжээ. Бичээсийг Төрийн ордонд залах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрбээр монгол хэл бичгийн түүхэн баримт, хосгүй үнэт дурсгал гэдгийг тогтоосон бүх хүн, байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *