Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн төслийг сурвалжилсан тэмдэглэл || DNN.mn

Ховд аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаад ирлээ. “Шинэ Ховд” хөтөлбөрийн хүрээнд тус аймагт томоохон төслүүд гараанаас хөдөлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсдаа тэргүүлж байгаа талаар “Шинэ Ховд” баруун бүсийн хөгжлийн корпорацийн дарга Ш.Батжаргал ярьж байна. “Шинэ Ховд” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа томоохон хөтөлбөрүүдээс дурдвал Эрдэнэбүрэнгийн УЦС, Ховд Эко цементийн үйлдвэр, “Хашаандаа сайхан амьдарцгаая”, Ховд агро парк, Үйлдвэрлэл, технологийн парк зэрэг юм. Эдгээр дундаас Эко цементийн үйлдвэр бол баруун бүсийг цементээр хангах, цаашлаад бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортлох зорилготой, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлогтой.

Тийм учраас “Ховд эко цемент” үйлдвэрийг зорьж, барилга, тоног төхөөрөмжийн угсралтын явцтай танилцлаа.Тус үйлдвэр Ховд аймгийн төвөөс 18 км, Буянт сумаас 15 км-ийн зайд шохойн чулууны орд болох Шохойт уулыг түшиглэн байрлаж байна. Үйлдвэрийн барилгын ажил дуусч байгаа бөгөөд одоо тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор цементийн үнийг бууруулж, улс даяар жигд үнийн түвшинд барих боломж бүрдэнэ. Жишээ нь, Улаанбаатар хотод нэг тонн цемент 218 мянган төгрөгийн үнэтэй байлаа гэхэд тэр нь баруун таван аймагт ирэхээрээ 330 мянган төгрөг болж нэмэгддэг. Учир нь тээвэрлэлтийн зардлаас эхлүүлээд олон өртөг нэмэгддэг. Уг үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр баруун бүсэд баригдаж буй барилгуудын метр квадратын үнэ 1.1 саяас 880 мянган төгрөг болж буурах тооцоог мэргэжлийн хүмүүс гаргасан байна. Түүнчлэн үйлдвэр бүрэн чадлаараа ажиллаж эхэлбэл 250-300 хүн байнгын ажлын байраар хангагдах бөгөөд шууд бусаар малчид, ЖДҮ эрхлэгчид, тээвэрчид гээд 3000 орчим иргэний орлогыг нэмэгдүүлэх юм байна.

Шохойт уул талаас Ховд эко цементийн үйлдвэр ингэж харагдана. Цаана нь Цамбагарав хайрхан цайран үзэгдэнэ


Ковидын хөл хорионы үед үйлдвэрийн барилгын ажил зогсоогүй гэнэ. Учир нь барилга угсралтын ажлыг монголчууд өөрсдөө 100 хувь гүйцэтгэжээ. Гэхдээ хил гаалийн нөхцөл байдлын улмаас өртөг нэмэгдэх, мэргэжилтнүүд орж ирэх боломжгүй болсноос төслийн хугацаа уртсах зэрэг хүндрэл бэрхшээл гарч буйг үйлдвэрийн удирдлагууд ярьж байв. Төслийн удирдагч С.Жавхланбаатар “Бизнес утгаараа том төсөл баруун таван аймагт хэрэгжихэд хамгийн тохиромжтой газар бол Ховд мөн. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэх дэд бүтэц бусад аймагт сул гэж хэлж болно. Энэ үйлдвэрийн байршил сонгогдсон хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, шохойн чулууны орд бий. Ордоосоо үйлдвэр маань 1.8 км-ийн зайтай. Хоёрдугаарт, зам дэд бүтэц сайн. Баян-Өлгий, Увс явах зам дагуу. Мөн аймгийн төвдөө ойр. Энэ нь зах зээл, хэрэглэгчдэд илүү ойртоно гэсэн үг. Эрчим хүчний шугамдаа бас ойрхон. Тийм учраас үйлдвэрийг энд барихаар сонгосон юм. Цемент гэдэг бүтээгдэхүүн дан ганц шохойн чулуунаас бүрдэхгүй. 80 хувь нь шохойн чулуунаас бүрдэж байгаа. Үлдсэн 20 хувийг нь өөр түүхий эд, материал бүрдүүлдэг. Гөлтгөнийн орд, Увс аймгийн Сагил суманд байгаа. Харганатын төмрийн хүдрийн орд бий, Хөшөөтийн нүүрсний орд байгаа. Хөшөөтийн нүүрсний ордоос бид коксжсон нүүрсийг ашиглахгүй. Хаягдал, нунтаг нүүрсийг ашиглаж холино. Занарын орд манай энэ шохойн чулууны ордын хажууд байгаа юм” гэлээ. Үйлдвэрийн шавыг 2019 онд тавьсан бөгөөд түүнээс хойш манай төрийн удирдлагуудаас эхлүүлээд, харьяа яамны сайд нь удаа дараа ирж барилгын ажлын явцтай танилцсан юм байна. Үүнийг төслийн багийнхан өөрсдийг нь дэмжихээс гадна төрийн хяналт, УИХ, ЗГ-ын тогтоолын хэрэгжилтийг хянаж буй нэг өнцөг хэмээн хардгаа энэ үеэр нуусангүй. 2019 онд үйлдвэрийн барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн ковидын цар тахал дэгдэж, хил гаал хаагдаж, хөл хорио тогтоосноос төлөвлөж байсан бүх тооцоо алдагджээ. Гэсэн ч хүнд хэцүү нөхцөлд хоёр жилийн турш татан авалтаа тасалдуулахгүй 90 хувьтай хийж чаджээ.

Төслийн удирдагчаас мэдээлэл авсны дараа үйлдвэрийн Ерөнхий инженер Д.Батсүрэн үйлдвэрийн талбайтай танилцуулав. Түүний ярьснаар цементийн үйлдвэрийн силос нь орон сууц барихтай адилгүй, маш хүнд хийцлэлтэй, өдөр шөнөгүй цутгадаг нарийн ажил юм байна. Дунд нь бетон тасалдвал ажил нь тэр чигээрээ нурдаг учир тасралтгүй цутгалтын ажил явж байгааг тайлбарлалаа. Үйлдвэр найман силостой. Газар хөдлөлийн есөн баллын идэвхтэй бүсэд байдаг учир доошоо 4-9 метрийн гүнд сууриа цутгажээ. Тэр хэрээр газар шорооны маш их ажил өрнөсөн байна. Аль ч цементийн үйлдвэрийн хамгийн өндөр цэг бол урьдчилсан халаах цамхаг. Энэ үйлдвэрийн халаах цамхаг нь 84 метрийн өндөртэй. Одоогоор уг цамхагтай дүйцэхүйц буюу 30 давхар байшин баруун бүсэд байхгүй гэхээр энэ цамхаг бүсдээ хамгийн өндөр байгууламж гэж хэлэгдэх боломжтой гэнэ. Үйлдвэрийн бетоны ажил 94.8 хувь, арматурын ажил 96 хувь, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 100 хувь, татан авалт 90 хувь, тоног төхөөрөмжийн угсралт 25 хувь, металл хийц угсралт 40 хувь тус тус хийгджээ. 10 хувийн тоног төхөөрөмж нь гаалийн цаана хүлээгдэж байгаа бөгөөд ачаа бараа нь өнгөрсөн оны аравдугаар сард ирсэн ч одоо болтол татаж авч чадаагүй байгаагаа төслийн удирдагч энэ үеэр дуулгаж “Боомт дахь зардал өдрөөр тооцогддог, асар их зардал гардаг. Нийтдээ 6000 тонн бараа материал татахад байнгын тохиолдож байсан бэрхшээл нь энэ байлаа. Бэрхшээл байсан.

Гэвч нэгэнт эхэлсэн ажлыг дуусгахгүй бол маш өндөр зардал гарна, эргээд ашгаа нөхөж чадахгүй байдалд орно” гэдгийг тэрээр нэмж хэлэв. Үйлдвэрийн хашааны хойд хэсэгт чингэлэг болон том хайрцагтай тоног төхөөрөмжүүд хураалттай, харин зүүн хэсэгт нь үйлдвэрийн томоохон эд анги, тоног төхөөрөмж, хийцүүдийг буулгажээ. Эдгээр нарийн тоног төхөөрөмжийг суурилуулж, угсрахад яалт ч үгүй гадны мэргэжилтнүүд шаардлагатай ч хил гаалийн нөхцөлөөс болж саатаж байгаа нь энэ томоохон бүтээн байгуулалтын явцаас хойш чангааж буй нэг бэрхшээл болж байгааг энд дурдах нь зөв байх.


С.Жавхланбаатар: Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулсан


Энэ үеэр Төслийн удирдагч С.Жавхланбаатартай цөөн хором ярилцлаа.


-Үйлдвэрийн ажлыг 2019 онд өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа очиж шавыг нь тавьж эхлүүлж байжээ. Танай төслийн хувьд баруун бүсийг цементээр хангах, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн нь цаг хугацааны хувьд цар тахалтай давхцлаа. Мөн л хохирол амслаа шүү дээ?

-Энэ бүх бэрхшээл бидэнд маш их туршлага болж байна. Бидний нуруун дээр тооцоолоогүй дарамтууд ирж байна. Эрсдэлүүдийг туулаад л гарлаа. Барилгын материалын өртөг 2020, 2021 онд хоёр дахин өсчихлөө. Ажиллах хүчний өртөг ч хоёр дахин өсчихлөө. Үнэ тогтвортой байсан нь ганц цемент л байлаа. Тоосго, арматур гээд үнэ нь дийлдэхээ больсон. 2019 онд биднийг үйлдвэрийн ажлаа эхлэхэд арматурын үнэ 1.6 сая төгрөг байсан чинь 2020 онд гурван саяд хүрчихсэн. Тоосгыг 300 төгрөгөөр авдаг байсан чинь 450 төгрөг болж нэмэгдчихсэн. Хөөсөнцөр 130 мянга төгрөг байсан чинь бараг гурав дахин өсөөд 300 мянган төгрөг болчихоод байна.

-Танай үйлдвэрийн барилгын ажил дуусаад одоо тоног төхөөрөмжийн угсралтын ажил ид өрнөж байгаа юм байна. Төлөвлөгөөний дагуу ирэх есдүгээр сард үйлдвэр ашиглалтад орох аж. Гэтэл сүүлийн үед Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбоотойгоор зээлдэгчдийг нийтээр нь харлуулдаг явдал их гарч байна?

-Нэгдүгээрт, бидний хувьд бага хүүтэй зээл аваагүй. Арилжааны банкуудынхтай адил хүүтэй зээл авсан. Хоёрдугаарт, зээлийг авчихаад зориулалтын бусаар зарцуулчихаагүй. Ковидын эрсдэлтэй энэ хоёр жилд бид гамшгийн нөхцөл байдлын үед байдгаараа л зүтгэсэн. Ийм хүнд үеийг туулаад гарч ирж байхад банкнаас хөнгөлөлттэй зээл аваад, зориулалтын бусаар зарцуулчихсан мэтээр цоллогдоно гэдэг бол бидний хувьд бол дарамттай байна. Яагаад Хөгжлийн банкнаас зээл авав гэхээр арилжааны банкууд ийм томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломж бага, хязгаартай, хаалттай, Монголбанкны дүрэм, журмын дагуу. Хөгжлийн банк бол улс орны болоод нийгэм, эдийн засагт чухал ач холбогдол бүхий төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн чиг үүрэгтэй банк шүү дээ. Эргээд өөрсдөө ашиг олно. Зээл олгохгүй бол ашиг олохгүй. Нэг талаасаа ашгийн төлөө байгууллага. Зээл авсан, зээлээ зөв зарцуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хулгай хийчихсэн мэт байдалд оруулж нийгэмд буруу ойлголт өгч байгааг газар дээр нь ирж үзсэн та бүхэн л ойлгох байх.

84 метрийн өндөртэй халаах цамхаг


-Төрийн бодлогоор хэрэгжиж буй төсөл шүү дээ. Та энэ талаар тодруулахгүй юу?

-Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоолд “Цементийн үйлдвэрлэлийг хүн амын суурьшил, барилгажилтын хэтийн төлөв, зах зээлийн эрэлт хэрэгцээ, тээвэрлэлтийн нөхцөлтэй уялдуулан төв, баруун, зүүн, говийн бүсэд бүсчлэн байгуулах” тухай заасан байдаг юм. Мөн Засгийн газрын 2015 оны 335 дугаар тогтоолд “Баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Буянт сумын нутагт “Вестерн Холд” ХХК-ийн 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахыг дэмжих тухай” тус тус заасан байгаа.

-Бүр 2012, 2015 оноос л эхэлсэн юм байна шүү дээ, төрийн бодлогоор?

-Тийм, тийм. “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т ч заасан байгаа. Импортыг орлох барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих-Баруун бүсэд бага оврын цементийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах тухай заасан. Тэр дагуу л хэрэгжээд явж байгаа төсөл шүү дээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрт Ховд аймагт дотоодын хэрэглээг бүрэн хангах цементийн үйлдвэрийг 2020 онд барьж байгуулна гэж хүртэл заасан байгааг та хүмүүс олж хараасай.

-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цемент, арматур, хавтгай шил зэрэг үндсэн нэр төрлийн материалыг эх орны эрдэс, түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх замаар импортыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ” гээд заачихсан байгаа шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Тэр дагуу бид үйлдвэрээ энэ намартаа багтааж ашиглалтад оруулахаар шуурхайлан ажиллаж байна. Бид төслийн нийт зардлын 60 хувийг өөрөөсөө гаргасан. Хөгжлийн банкинд 146.2 тэрбумын биет барьцаа байршуулж, 28 сая долларын зээл авсан. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 6-7 жилд өртгөө нөхнө гэсэн тооцоотой. Зээлийг зориулалтын дагуу зарцуулж, бүтээн байгуулалтын тоног төхөөрөмждөө зарцуулсан гэдгээ танай сониноор дамжуулж хариуцлагатайгаар хэлье. Та ч бас нүдээр үзэж, тоног төхөөрөмжүүд угсрахад бэлэн байгааг харсан байх.

-Сүүлийн үед ард иргэдийн хувьд шинэ үйлдвэр ашиглалтад орох, бүтээн байгуулалтын ажил хөдөлж эхлэхэд баярладаг болжээ. Нутагт нь, бүсэд нь ийм томоохон үйлдвэр ашиглалтад орох гэж буй нь иргэдэд хүлээлт үүсгэж байгаа нь тодорхой?

-Ялангуяа эндхийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн хувьд хувийн хөрөнгө оруулалтаар барилгын төсөл хэрэгжүүлээд явъя гэхээр цементийн үнэ Улаанбаатарынхаас хоёр дахин өндөр үнэтэй байдаг. Барилгын материалын үнэ өндөр бол өртөг нь өснө. Өртөг нь өсөхөөр хөрөнгө оруулалтаа нөхөх ашиг олох боломж нь багасна. Ийм үйлдвэр ашиглалтад орох гэж байгаад Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтайн барилгын компаниуд маш их хүлээлттэй байгаа. Хурдан ашиглалтад ороосой, танай үйлдвэр хэзээ ашиглалтад орох гэж байна гэдэг асуултыг байнга тавьж, хүлээлт үүсгэж байна гэв.

Үйлдвэрийн Ерөнхий инженер Д.Батсүрэн “Хуурай аргын үйлдвэр бол түүхий эдээ олборлоод бутлаад нунтаглаад хоорондын найрлагыг нь жигд болгоход ерөөсөө ус хэрэглэхгүй. Тийм учир байгаль, экологидоо давуу талтай. Эко үйлдвэр гэдэг нь байгаль орчинд ээлтэй гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Үйлдвэрийн цех, дамжлага болгон дээр, тоос үүсгэж болох бүх цэг дээр тоос шүүх байгууламж байршуулснаараа давуу талтай. Үүгээрээ энэ үйлдвэр байгаль орчинд ээлтэй” хэмээн ярилаа.

Ийнхүү нийслэл хотоос 1425 км-ийн цаана Ховд аймгийн Буянт суманд Эко цементийн үйлдвэрийн ажил ид өрнөж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор баруун бүсийнхэн хямд, чанартай цементээр хангагдах боловч том зургаар харвал Монгол Улсын эдийн засагт түлхэц болох чухал бүтээн байгуулалт юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *