Өнөөдөр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв болон БНСУ-ын Дэжон хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Мэргэжлийн ур чадвар олгох институтийн хамтын ажиллагааныарван жилийн ой тохиож байна. Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, сургалтын арга зүйг сайжруулах, тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, бие даан амьдрах боломж олгох зэрэг юм.
Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв 42 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Жилд 15-45 насны, 100-120 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг боловсролын түвшин шаардахгүйгээр элсүүлэнсургадаг. Нэг жилийн хугацаанд тогооч, талх нарийн боовчин, мужаан, гар утас засварчин, гар урлаач, 2.5 жилийн хугацаанд оёдолчин, хэвлэлийн график дизайнч зэрэг мэргэжилтнүүдийг бэлддэг байна. БНСУ-ын Дэжон хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Мэргэжлийн ур чадвар олгох институт нь 2007 оноос Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтарч ажиллажээ. Энэ хугацаанд хоёр улс оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, Солонгосын талаас тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажил хийсэн байна.
Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын сургуулийн эрхлэгч Б.Алтмаа “Хамтын ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол олгох маш олон өөрчлөлт гарсан. Багш нараа сургалтанд хамруулж, компьютерийн хоёр шинэ ангитай болж, оношлогооны тоног төхөөрөмж суурилууллаа. Оношлогооны тоног төхөөрөмжтэй болсноор оюутнуудынхаа аль тал дээр нь ажиллах, ямар мэргэжилтэн болох зэргийг тодорхойлох боломжтой болж байгаа. Ингэснээр сайн мэргэжилтэн бэлтгэгдэж, тэдний нийгэмд эзлэх байр суурь нэмэгдэнэ. Өчигдөр манай хоёр төгсөгч Сөүл ресторанд ажиллахаар боллоо. Мөн өмнөх жилийн төгсөгчид ажлын байр бий болгоод, манай төвөөс ажиллах хүчээ хангадаг жишиг бий. Солонгос улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдүүлэх, ажлын байраар хангах тал дээр дэвшилттэй ажилладаг. Тиймээс цаашид энэ талын туршлага хуваалцах болно” гэв.
Дэжон хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Мэргэжлийн ур чадвар олгох институтийн Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан дарга Син Гю Сөб “2007 онд Монголд ирээд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээний гол агуулга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ирээдүйн хөгжил, дэвшил, нийгмийн эрх тэгш гишүүн болгох байсан. Би Герман улсад энэ чиглэлээр сурч мэдсэн зүйлээ өөрийн орондоо туршсан. Өнөөдөр Солонгос улсын Самсунг, LG зэрэг корпорациуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг маш их дэмжиж, хамтарч ажиллах сонирхолтой байдаг. Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн туршлагыг Монголд нутагшуулахыг хүссэн. Маргааш хамтын ажиллагааны Монголын тал хариуцсан төлөөллүүдтэйгээ уулзаж төслийн үр дүн, цаашдын зорилгоо тодорхойлох болно” гэж ярилаа.
Л.АНУДАРЬ