Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ЕБС-ийн тусгай ангид тусгаарлаж байгааг эсэргүүцэж байна” гэв DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны яам, ЖАЙКА болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран өнөөдөр “Сурах эрх” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын эхний хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжуудын талаар хэлэлцсэн бол хоёрдугаар хэсэгт ерөнхий боловсролын асуудлыг хөндсөн юм.

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбооны захирал С.Сэлэнгэ “Тэгш хамруулалт бол дэлхий нийтийн чиг хандлага болсон. Хүн бүр өөр өөр байгааг хүндэтгэн хүлээн авч, бүх нийт рүү чиглэсэн бодлого, боловсрол чухал.

Сурах хэрэгцээ нь өөр өөр хүмүүст дөрвөн төрлийн саад байгаа нь

  1. Материаллаг орчны
  2. Мэдээлэл буюу харилцаа холбооны
  3. Байгууллагын буюу институтийн зүгээс учруулж буй
  4. Хандлагын бэрх бэрхшээл.

Эдгээрийг шийдэж чадвал хүүхдүүд бэрхшээлгүйгээр суралцах боломжтой” гэлээ.

зураг

Мөн тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцахад учирч буй саад бэрхшээлийн талаар холбогдох судалгаануудын үр дүнд тулгуурлан танилцуулав.

  1. Бүх нийтийн боловсролын үйлчилгээг зарим сургуулийн захирал ялгаатай байдлаар хүргэж байна. Захирал бүх хүүхдээ элсүүлж, хуваарилахдаа нас харгалзахгүй байна. Хөгжлийн бэрхшээлийн зэргийг ч үл хамааран нэг бүлэг байгуулж байгаа. Үүнийгээ тусгай анги гэж нэрлэдэг. Ийм анги улсын хэмжээнд их байгааг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэж байна. Хүүхдүүдийн сургуульд байх бүх цаг хугацаа нь зөвхөн тэр тусгай ангидаа дуусах бөгөөд ирэх, явах, ариун цэврийн өрөө гэх мэтчилэн хэсэгхэн хугацаанд нь л энгийн хүүхдүүдтэй харилцаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бусадтай харилцах, найзлах нөхөрлөх сонголтыг авч хаяж байна. Иймд ерөнхий боловсролын сургууль дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай ангид тусгаарлаж байгааг эрс эсэргүүцэж байна.
  2. Сургууль завсардалт тулгамдсаар. Зарим хүүхэд сургуульдаа нэг сар, зарим нь хэдхэн хоног яваад гардаг. Сургууль завсардалт дунд ангид хамгийн их бий. Тэгш хамруулан сургахад сургууль дээрх үйл ажиллагаа дутагдсаар байгаа. Ихэнх сургуульд Дэмжлэгийн баг байгуулагдсан ч ажиллагаа сул. Энэ багаараа хүүхдийг хөгжүүлэх, багшид дэмжлэг үзүүлэх учиртай. Тун чухал тогтолцоо учир сайн ажиллуулах хэрэгтэй.
  3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуульдаа ирэх, очих, сурах хөгжих нөхцөл бүрдээгүй, тохирох хэрэглэгдэхүүн хангалтгүй байна.
  4. Багш нар хүүхдийнхээ онцлог хэрэгцээнд нийцсэн арга барилд суралцаагүй байна. Энэ нь зөвхөн тусгай хэрэгцээт боловсролын багшийн асуудал биш. Биеийн тамир, Математик, Монгол хэл гээд бүх хичээлийн багш нар тусгай хэрэгцээт, өөр өөрийн онцлогтой хүүхдүүдтэй яаж харилцах, хичээл заах талаар их сургуульдаа үздэг болох ёстой.
  5. Нэмэлт дэмжих үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд боловсрол олгох нь зөвхөн БШУЯ-ны асуудал биш. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 20 гаруй хувь нь гэртээ байгаа. Ихэнх нь хүнд хэлбэрийн оноштой. Тэднийг сургуульд авчрах, найз нөхөдтэй болгох, нийгэмшүүлэх арга зам нь дэмжих үйлчилгээ. Үүнд засал эмчилгээ, орчуулга, туслах багш, сэтгэл зүйн тусламж гэх мэт бусдаар гүйцэтгүүлэх ажил үүргүүд бий. Хөгжлийн төв ч мөн үүнд хамаарч болно. Сургууль ийм үйлчилгээг авбал хүүхдээ анги танхимд найзуудтай нь хамт байлгаж хөгжүүлэх боломжтой.
  6. Хүүхэд бүрийнхээ тохирох хэрэглэгдэхүүний асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийнхөө хуралд оруулах боломж байдаг. Засаг даргадаа уламжил. Засаг дарга нь орон нутагтаа байгаа хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах үүрэгтэйн хувьд төсөвт суулгах бүрэн эрх нь бий. Боловсролын салбарт бүх асуудлыг нялзаахгүйгээр бусад гарцыг хайх нь зөв.
  7. Хүүхдээ сургуульд сургасангүй гэж эцэг эхчүүдийг дандаа буруутгадаг. Гэхдээ тогтолцоо нь буруу байгааг хэлье. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ яаж хөгжүүлэх, яаж сургах, дэмжих талаар мэдээлэл авах буюу мэдэх эрхийг хангаж өгөхгүй байна. Мэдэх эрх хангагдаагүй байхад хаанаас, юу асуухаа яаж мэдэх вэ. Японд дөрвөн сартайгаас нь эхлээд эцэг, эхчүүдийн мэдэх эрхийг хангадаг. Иймээс товлолт үзлэгийн үеэр мэдэх эрхийг хангах нь маш чухал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *