Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХНХЯ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх дүүргийн “Төрөлжсөн мэргэжлийн баг”-ийг чадавхижуулах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтанд дүүргийн “Төрөлжсөн мэргэжлийн баг”-ийн дарга, гишүүдээс бүрдсэн 50 гаруй хүн оролцсон бөгөөд ХНХЯ-ны мэргэжилтэн Р.Нэнсэндэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын зөвлөх Г.Соёлгэрэл нар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагын үүрэг, оролцоо” сэдвээр лекц уншиж, санал сэтгэгдлээ солилцсон юм.
Мөн НЭМГ-ын газрын мэргэжилтэн Д.Цэнджав дүүргийн “Төрөлжсөн мэргэжлийн баг”-ууд үүрэг, хариуцлагын хүрээнд ирэх жилийн ажлаа хэрхэн төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах талаар мэдээлэл өгсөн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Галбадрах дүүргийн “Төрөлжсөн мэргэжлийн баг”-ийн гишүүдэд байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, дүүргийн эмнэлгүүдтэй хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцлээ.
Энэхүү зөвлөлдөх уулзалтын үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх дүүргийн “Төрөлжсөн мэргэжлийн баг” 2020 онд хэрхэн ажиллаж, ажлаа тайлагнах талаар нэгдсэн ойлголттой болсон юм.