Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 26 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ачлалт хүүхдүүд” ТББ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөрлөг, арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр, Нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Т.Оюунчимэг тэргүүтэй албаныхан, дүүргүүдийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн удирдлага, ажилтан албан хаагчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд оролцов.

Өдөрлөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн баяр болгон тэмдэглэх зорилгоор,

  1. ОНОТХҮ-ний нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүдэд хамрагдаж, үр дүнд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа,
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварын уралдаан /талх, нарийн боов хийх, бялуу чимэглэх, хог хаягдал дахин ашиглах чиглэлээр/,
  3. Хөгжлийн бэрхшээлтэй 10-14 насны хүүхдүүдийн дунд “Би аюулгүй орчинд амьдрах эрхтэй” сэдэвт гар зургийн уралдаан,
  4. Хөгжлийн бэрхшээлтэй 10-18 насны хүүхдүүдийн дунд эссэ бичлэгийн уралдаан,
  5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ортопед, тусгай хэрэгсэл нийлүүлдэг байгууллагуудын танилцуулга-үзэсгэлэн,
  6. Урлагийн соёлын алдартнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцсон урлагийн тоглолт,
  7. Уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан болон ажил үйлсээрээ манлайлсан иргэдэд шагнал гардуулах үйл ажиллагаануудыг зохион байгуулсан юм.

Тус өдрийг тохиолдуулан бүтээлийн, ур чадварын, гар зургийн, эссэ бичлэгийн уралдаан тус тус зохион байгуулав.

“Би аюулгүй орчинд амьдрах эрхтэй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрт Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуулийн 8в ангийн сурагч М.Цэлмэг, дэд байрт Чингэлтэй дүүргийн 25 дугаар сургуулийн сурагч Б.Энхсайхан, гутгаар байрт Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч О.Эрдэнэдалай нар шалгарлаа.

“Би аюулгүй орчинд амьдрах эрхтэй” сэдэвт гар зургийн уралдааны тэргүүн байранд Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуулийн 6а ангийн сурагч Б.Сэргэлэн, Баянгол дүүргийн 70 дугаар сургуулийн 5а ангийн сурагч Г.Маралмаа, гутгаарт Багануур дүүргийн “Сод” сургуулийн 7а ангийн сурагч Б.Батбаяр нар шалгарав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *