Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулга уулзалт санхүүжилтгүй байна

Зүүн хойд Ази-Номхон далайн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн VIII чуулган ес дүгээр сарын 20-22 өдрүүдэд Улаанбаатар хотноо болох аж. Энэ талаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос мэдээлэл хийлээ.

Чуулга уулзалтад Япон, Солонгос, Хятад улс орны 30 гаруй төлөөлөгч оролцоно. Эдгээр улсуудад хоёр жил тутамд ээлжлэн болдог. 2016 онд БНХАУ-ын Шанхай хотод VII чуулга уулзалт болж байсан. Харин энэ жил Монгол улсад зохион байгуулахаар болжээ. Уулзалтаар НҮБ-ын 61-р ассамблейгаас батлан гаргасан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль Монгол улсын тайланд өгсөн дүгнэлт, зөвлөмж, Инчеоны стратегийн хэрэгжилт зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэнэ. Ингэснээрээ Улаанбаатар тунхаглалыг батлах аж.

Энэ үеэр Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул “Энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулахад 34 сая төгрөг шаардлагатай. Бид үүний санхүүжилтийг Засгийн газраас хүссэн боловч бидэнд 14 сая төгрөгийг гаргаж өгсөн. Үлдсэн мөнгийг ард иргэдээс хандивлахыг хүсэж байгаа юм. Уг нь ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахад төрөөс бидэнд туслах үүрэгтэй гэсэн хуулийн заалт байдаг. Гэтэл тэр заалтдаа хүрч чадахгүй байна. Иймээс бид энэ арга хэмжээг зохион байгуулж Улаанбаатар тунхаглалыг батлан, хэрэгжихгүй байгаа хуулиудыг бодиттой болгоно” гэв.

С.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *