УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Одоогийн мөрдөж буй хуулиар томоохон аж ахуйн нэгжээс эхлээд жижиг дунд үйлдвэрлэгчид нэг тайлангийн маягтаар ижил хугацаанд тайлагнадаг. Иймд хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг төсөлд тусгажээ. Үүний дагуу 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хувь хүн тайлангаа жилд нэг удаа гаргаж, нийт орлогын 1 хувьтай тэнцэх татварыг төлж байх зохицуулалт оруулав. Мөн бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний татварын харилцааг энгийн ойлгомжтой болгожээ.
Хэлэлцүүлгийн үеэр Л.Энх-Амгалан гишүүн ХХАОТ-ын бүсчилсэн системээр хураадаг болоход анхаарах хэрэгтэй хэмээв. Өөрөөр хэлбэл, хэт төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотоос алслагдсан газарт амьдрах тусам татварыг шатлан бууруулдаг байх нь зөв гэсэн санал хэлсэн юм.
Түүнчлэн Ж.Батзандан гишүүн иргэд хадгаламжийн хүүгээс татвар авахыг эсэргүүцэж байгааг дурьдлаа. Тэрбээр, “ХХОАТ-ын тухай хуулийн төсөлд малчин өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зарим төрлийн татвараас чөлөөлөх заалт орсон. Хадгаламжийн хүүгээс авах татварыг өөрчлөх үү. Гадаад орнууд иргэдийн орлогоос бус зөвхөн ашгаас татвар авдаг бөгөөд Монгол Улс ч энэ чиглэлд орох хэрэгтэй. Мөн залуу гэр бүлийг дэмжих чиглэлд татварын ямар бодлого барих вэ” хэмээв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатр, “Иргэд орон сууц худалдан аваад 3 сая төгрөгийн хөнгөлөлт авдаг байсныг 6 сая болгож байгаа. Энэ нь залуу гэр бүлийг орон сууцанд орох томоохон дэмжлэг болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ХХОАТ-аас чөлөөлөх заалт орсон. Хадгаламжийн хүүгээс авах татвар хэвээр үлдэж байгаа” гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.