Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон нутгаар аялаад ирлээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор эхлүүлсэн “Try Mongolia 2018” нөлөөллийн аялал өнөөдөр өндөрлөлөө. Манай улсад 2011 оноос эхэлсэн энэхүү “Try” аян нь 1980 онд Азийн улс орнуудаас гараагаа эхэлжээ. Арван өдрийн хугацаанд Улаанбаатар-Төв-Дундговь-Өмнөговь аймгуудыг хамран, Түгээмэл хөгжил бие даан амьдрах төвөөс зохион байгуулсан байна.

Улаанбаатар хот, найман аймаг мөн Япон улсын иргэнээс бүрдсэн хөгжлийн бэрхшээлтэй 15 иргэн, мөн туслах ажилтнууд аялалд оролцсон байна.

Уг аялал Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг таниулах, хүртээмжийг сайжруулах зорилготой байна. Аяллын хүрээнд үйлчилгээний байгууллага, төрийн байгууллагын стандартад хүртээмжийн үнэлгээ хийжээ.

Улаанбаатар хотоос оролцсон Т.Урантөгс “Биднийг Өмнөговь аймагт явж байх үед маш их бороо орсон. Оройдоо цэцэрлэгт хоноглож байсан. Гэсэн ч бид нөлөөллийн ийм том ажлыг өрнүүлэн, хөгжлийнбэрхшээлтэй иргэд ч гэсэн бусадтай адил тэгш эрхтэй гэдгийг сурталчлан явсандаа баяртай байна” гэлээ.

Аяллын явцад орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төрийн бус байгууллагынхантай уулзсан байна.

“Try Mongolia 2018” аялалд туслах ажилтнаар оролцсон МУИС-ийн оюутан А.Номундарь “Гурван аймгаар аялах хугацаанд олон нийтийн байгууллагуудаар явж үнэлгээ хийсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, налуу замын стандарт зэргийг хэмжилтийн багаж ашиглан бид өөрсдөө хэмжсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө стандартаа сайн мэддэг юм байна лээ” гэв.

Энэхүү аялалын үр дүн цаашид орон нутгийн бодлого, төлөвлөгөөг боловсруулахад эерэгээр нөлөөлнө хэмээн найдаж буйгаа Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны (ХНХЯ) Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн илэрхийллээ.

Уг ажлыг ХНХЯ, аймаг, орон нутаг, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд дэмжин ажиллажээ.

Э.АНХМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *