УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт товлогдсон бөгөөд хараахан эхлээгүй байна. Тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.
Уг тогтоолд Хөгжлийн банкны дүрмийн санг 1 их наяд төгрөгөөр үе шаттай нэмэх асуудал туссан юм. Дүрмийн санг нэмэгдүүлэх шаардлага үүссэн үндэслэлээ төсөл санаачлагчид Хөгжлийн банкны нийт зээлийн багц нь актив хөрөнгийн 80 хувиас давсан, өөрийн хөрөнгөтэй харьцуулбал 33.41 дахин их байгаа нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 24.1.1-д заасан хязгаарлалтыг зөрчихөд ойрхон болсон. Мөн Хөгжлийн банкны олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас татан төвлөрүүлсэн зарим эх үүсвэрүүдийн хүрээнд байгуулсан гэрээний үүргийн дагуу Хөгжлийн банк нь өөрийн хөрөнгийн зохистой харьцаа болон чанаргүй зээлийн хэм хэмжээг зохистой түвшинд байлгах, мөрдөж ажиллах үүрэгтэй зэрэг тодорхой шалгуурын дагуу дүрмийн санг нэмэх асуудлыг тавьж буй юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах жагсаалтаас харна уу.
“Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай;
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн/
Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Н.Амарзаяа нарын 16 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;