Хөгжлийн Банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан арав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар хохирогч талын мэдүүлгийг сонсож байгаа юм.
Хөгжлийн банкны төлөөлөгч Д.Гүрбазар “Хөгжлийн Банк аж ахуйн нэгжүүдээс нийтдээ 596.6 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна. Эдгээр зээлүүдийн бүгдийнх нь зээлийн гэрээ дуусчихсан, чанаргүй зээлд ангилагдсан байгаа. Зарим зээлүүдийн хувьд шүүхийн явцад төлбөрөө барагдуулсан.
Тухайн аж ахуйн нэгжүүдэд олгосон санхүүжилтийг хохирол гэж үзэж байна. Жишээлбэл “Ган хүдэр орд” ХХК-нд 239,234,449 иэнийн санхүүжилтийг олгосон. Энэ бол хохирол. Өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа энэ зээлийг өөр эрүүл зээлд олгосон бол хэдий хэмжээний үр ашигтай байх ёстойг байсныг тооцох ёстой болж байна.
Хөгжлийн Банкнаас санхүүжүүлж байгаа эх үүсвэр болгон цаанаа бондын эх үүсвэр, бондод төлөх хүү, бондыг олж ирэхтэй холбоотой зардал, банкны үйл ажиллагааг явуулахтай холбоотой зардал энэ бүгдийг өдөр тутмаар хэмжигддэг өртгийг бий болгож байдаг. Нэг ёсондоо энэ санхүүжилтийн мөнгө ардаа дандаа өртөг, төлбөртэй байж байдаг.
Тухайн олгосон санхүүжилт зөв төлөгдсөн бол бидэнд эдийн засгийн ач холбогдолтой байх байтал төлөгдөөгүй байгаа нь хор уршиг буюу алдагдлыг бий болгож байна” гэлээ.