Categories
мэдээ нийгэм

Хөдөө орон нутагт ажиллахаар ирсэн залуусыг дэмжинэ

Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 11 дүгээр сарын 15-ны өдөр залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгууллаа.

Хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих хууль, Залуучуудын хөгжлийн төвөөс үзүүлж буй долоон төрлийн үйлчилгээний талаар гишүүдэд танилцуулж, “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” аймгийн залуучуудын зөвлөгөөнийг зохион байгуулах үйл ажиллагааны чиглэл, товыг хэлэлцэж, 2019 оны нэгдүгээр сард зохион байгуулахаар болсон байна.

Мөн тус хуулийн хэрэгжилт, залуучуудын дунд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж хурлаас гарсан шийдвэрийг аймгийн Засаг дарга, зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхнасанд уламжиллаа. Тухайлбал, хөдөө орон нутагт томилолтоор ирж ажиллаж буй залуучуудыг ямар байдлаар дэмжих, хөрөнгө мөнгө нь хаанаас байх вэ гэдэг асуудлыг нэлээд нухацтай ярьсан юм. Архангай аймгийн тухайд ихэнхдээ хууль, хүчний болон эрүүл мэндийн салбарт залуучууд томилолтоор ирж ажилладаг байна. Тэднийг томилогдон очсон сумдын зарим нь амьдрах байр сууц, өвлийн идшийг нь хүртэл сумаас даадаг гэх зэргээр дэмжлэгүүдийг үзүүлдэг байна. Залуучуудын хөгжлийн дэмжих тухай хуулиндаа орон нутаг болон ГБХЗХ-ийн газраас дэмжинэ гэсэн байдаг байна. Залуучуудад үзүүлж байгаа одоогийн энэ дэмжлэгүүдийг нэмэгдүүлж, илүү хүртээмжтэй болгох талаар ярилцаж, хуралдааны төгсгөлд орон нутгийн төсөвт тодорхой төсөв батлуулан, түүгээрээ залуучуудын хөгжил, оролцоо, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах боломжтой юм байна гэж үзэн санал нэгдсэн юм.

Хуралдаанд салбар зөвлөлийн дэд тэргүүн болон 19 гишүүд оролцсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *