Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөрийн тухай хуулиас цалин хасах сахилгын шийтгэлийг хасжээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, ХНХЯ, МҮЭХ болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) хамтран өнөөдөр “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг” зохион байгуулав.

Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-нд УИХ-д өргөн мэдүүлжээ. Ажилтан, ажил олгогчийн эрх үүргийн тэнцвэрт байдлыг бий болгох, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулах зайлшгүй шаардлага үүсчээ. Тиймээс 1999 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулж, доорх зохицуулалтуудыг нарийвчлан тусгасан гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг онцлов.



УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, “Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 99 хувьд Засгийн газар, МҮЭХ болон МАОЭНХ санал нэгдсэн. Харин ганц хоёр заалт дээр маргаантай хэвээр байгаа. Тухайлбал, МҮЭХ-ноос тус холбоо ажил хаялт зарлах онцгой эрхтэй байх заалт оруулах санал гаргасан. Үүнийг Засгийн газар, УИХ, Ажил олгогч эздийн холбоо хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байгаа юм. Харин Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлүүдээс цалин хасах шийтгэлийг бүрэн хассан. Өөрөөр хэлбэл, хүн ажил хийсэн л бол хөдөлмөрлөсөн цалингаа авах ёстой” гэлээ.

Үндсэн илтгэлүүд сонссоны дараа хэлэлцүүлэгт оролцогчид санал, байр сууриа илэрхийллээ. Оролцогчид хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд илүү цагаар ажилласан тохиолдолд олгох цалин,у рамшууллын асуудлыг нарийвчлан тусгах санал гаргалаа. Түүнчлэн тус хуулийн 45.1.2 гэсэн заалт буюу ажилтан ажлаас гарсан тохиолдолд ажил олгогч заавал тэтгэмж олгодог байх гэсэн заалтыг хасах санал гаргалаа. Өөрөөр хэлбэл, иргэд дөнгөж ажилд орчихоод хүссэн үедээ ажлаа орхиод тэтгэмж авдаг тогтолцоог хуулиар бий болгох ёсгүй хэмээж байв.

Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг хуулийн төсөлд тусгаж, ажилтан, ажил олгогч нарын харилцааны зохистой тэнцвэрт байдлыг хангахын төлөө ажиллана гэдгээ хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *