Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хөдөлмөрийн тухай хууль”-ийн цалин хөлстэй холбоотой маргаан хамгийн их хувийг эзлэдэг

Улсын дээд шүүхийн шүүгчид, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, хуульч эрдэмтэд оролцсон “Эрх зүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний хурал боллоо. Уг хурал Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр эхэлсэн. Эрдэм шинжилгээний хурлаар “Эдийн засаг дахь эрх зүйн үүрэг”, “Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл шүүхийн практик”, “ Хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн эрх зүй эдийн засгийн асуудал”, “Зохиогчийн эрхийн хязгаарлалт”, “Санхүүгийн түрээсийн гэрээ”, “Дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн асуудал” зэрэг сэдвүүдээр шүүгч, эрдэмтэд илтгэл тавьж, харилцан ярилцлаа.

Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирж байгаа бүх гомдлуудын дотроос Хөдөлмөрийн хуулийн тухай зохицуулалтын доторх цалин хөлстэй холбоотой маргаан 16 хувийг эзлэдэг ажээ. Тиймээс өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлын “Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл шүүхийн практик” сэдвээр илтгэл тавьсан Удирдлагын академийн багш, доктор Б.Уранцэцэг ярихдаа: “Хөдөлмөрийн хуулийн шинэчлэсэн төсөл боловсруулагдаж байна. Хууль эрх зүйн хүрээнд боломжийн зохицуулалт хэрэглэхийн тулд бид хуулийн хүрээн дотор ажлаас халагдсан хүнийг шүүх ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан тохиолдолд тэр шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацааны цалинг анхан шатны шүүх хурал дээр шууд гаргуулах зохицуулалтыг хийхээр шийдвэрлэсэн. Тэр шийдвэрийг биелүүлээгүй аж ахуйн нэгж цааш явах тусам торгуулийн хэмжээ нэмэгдэх юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь анхан шатны шүүхийн хууль бус шийдвэр гэж үл тоож болохгүй. Ажлаас үндэслэлгүй халсан, цалин хөлстэй холбоотой төрийн байгууллагын санхүүгийн баримт гарсан тохиолдолд төрийн байгууллагад хохирол учруулсан гэм буруутай албан тушаалтанд хариуцлага тооцно гэж төрийн албаны хуульд ч суучихсан байгаа. Мөн Хөдөлмөрийн хуулинд ч тусгасан. Хувийн байгууллагууд цалин хөлс олгохгүй байх асуудал мөн л Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдана. Хүн ажил хийсэн бол цалинг нь өгч байдаг зохицуулалттай учраас түүний дагуу шүүх гаргуулдаг. Тиймээс тухайн байгууллагын данснаас шууд гаргуулах журмаар зохицуулагдана. Гэрээ хэлэлцээр хийнэ гэдэг цаасан дээр албажуулсан баримт юм. Гомдол гаргасан тал энэ тохиолдолд шууд маргаанаа авах нь өндөр магадлалтай. Гэрээ хийгээгүй тохиолдолд хуулийн үндсэн зохицуулалт нь хүн ажилд авахдаа гэрээ хийгээгүй бол захиргааны зөрчил гэж үзээд ажил олгогч тал буруудаад торгуулийн хэлбэрт шилждэг. Ажиллаж байсан гэдгээ нотолж чадах юм бол шүүхийн журмаар хохирлоо гаргуулах боломжтой. Үүн дээр иргэдийн эрх зүйн мэдлэг бага байдаг. Шүүх энэ хүн танайд ажиллаж байсан уу үгүй юу гэх нотлох боломжоор нь хангах ёстой. Өглөө ирэхдээ албан байгууллагууд хурууны хээ уншуулж ирцээ бүртгэдэг болсон. Хамт ажиллаж байсан гэрчийн нотолгоо, ганц нэг удаа цалин авсан бол карт руу орсон баримт гээд ажиллаж байснаа нотлох боломж гомдол гаргагчийн талд их байдаг. Гэрээг бичгээр хийгээгүй ч энэ бүгд нийлээд нотлох баримт болно. Үүнд дээр иргэд эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай. Эсвэл мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах гэх мэтээр маргаанаа өөрийн талд шийдвэрлэх боломж өндөр байдаг юм шүү” гэв.

Мөн энэ хуулийн талаар Хуульчдын холбооны хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооны тэргүүн Н.Баасанжав ярихдаа: “Хөдөлмөрийн харилцааны маш чухал хэсэг нь байгууллагын дотоод хэм хэмжээ юм. Мөн хоёр талын хоорондох хөдөлмөрийн гэрээний харилцаа байдаг. Энэ харилцааг үүсгэсэн гэрээ нь өөрөө хуулийн шийдвэр гэдэгт багтаад байгаа. Тус харилцаа нь эдийн засгийн үр ашгийг аль аль талдаа авч ирэх тухай ойлголт юм. НҮБ-ын 193 орон нийлж, Тогтвортой хөгжлийн зорилго гэж 17 зорилгыг тавьсан. Энэ нь цааш 167 зорилт болж задарсан. Үүний 17 зорилт нь эдийн засгийн өсөлт буюу баталгаат ажлын байрыг бий болгох юм. Тэгэхээр ажлын байр бий болно гэдэг нь хөдөлмөрийн харилцаа үүсч байна гэсэн үг. Энэ нь эдийн засгийн өсөлттэй салшгүй холбоотой. Олон улсын маш олон гэрээ конвенциудын хэрэгжилт хөдөлмөр эрхлэлттэй уялддаг. Дэлхийн худалдааны байгууллага нь экспортод бараа бүтээгдэхүүнээ аливаа улс оронд гаргахдаа Европын тарифын хөнгөлөлт олгодог. Тэр зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийг тухайн улсад хэр дэмжиж байна, олон улсын хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ хэр хэрэгжиж байна түүнд чөлөөт худалдааны хөнгөлөлт үзүүлнэ гэдэг ойлголт юм. Монгол Улс олон улсын гэрээ конвенцийг үнэхээр сайн биелүүлдэг орон. Тиймээс Европын хөнгөлөлттэй тарифын таатай нөхцлийг эдэлдэг. Тэгэхээр хөдөлмөрийн харилцааны зохицуулалт нь эдийн засгийн харилцааны шууд үр дагавартай холбоотой юм” гэлээ.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа ярихдаа: “Ер нь шүүхийн байгууллагад ирж байгаа хөдөлмөрийн маргааны дийлэнх хувь нь ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага ирдэг. Мөн ажил олгогчийн зүгээс тухайн ажилтанд ажил хөдөлмөрөө гүйцэтгэж байх хугацаанд нь цалин хөлсийг олгохгүй байгаатай холбоотой цалингаа нэхэмжилсэн маргаан ихэвчлэн гардаг. Аливаа иргэн, хуулийн этгээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тэгэхээр шүүхээр ажилд нь эргүүлэн тогтоосон тохиолдолд хэрвээ ажил олгогч нь тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол ажилд нь эргүүлж авахгүй байгаа нөхцөлд шүүхэд эргээд хүсэлт гаргах боломжтой. Үүний дагуу шүүгч захирамж гаргаад биет гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар биелүүлдэг” хэмээн тайлбарлав.

Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирсэн гомдлын 16 хувь нь зөвхөн Хөдөлмөрийн хуультай холбоотой маргаан байна. 2017 онд Шүүхийн судалгаа мэдээлэл , сургалтын хүрээлэнгээс гаргасан анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн маргааны статик мэдээллээс харахад

Хөдөлмөрийн маргааны тоо 2015 оныхоос 2016 онд 2220-оор буюу 49.3 хувиар нэмэгдсэн байна.

2017 онд шийдвэрлэсэн хөдөлмөрийн маргаан 2016 оныхтой харьцуулахад 2214-өөр илүү байж.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *