Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг. 2019 онд 320 мянга, 2020 онд 420 мянган болгож нэмэгдүүлж байв. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо энэ сарын 10-нд хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тал дээр тооцоолол хийх, санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, ажиллахаар болжээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ юм. Эдгээр хүмүүсийн цалин хөлс тогтоосон хэмжээнээс доош байж болохгүй. Түүнээс дээш хэмжээтэй байх ёстой юм байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр нийгмийн даатгалын сарын доод шимтгэл дагаж нэмэгддэг. Тухайлбал 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөг байх үед нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 43.200 төгрөг байсан бол 2020 онд 56.700 төгрөг болж нэмэгдсэн билээ. Дашрамд дурдахад, сар шинийн өмнө улсын төсөвт тодотгол хийж ахмадын тэтгэврийн хэмжээг нэмсэн билээ.