УИХ-аас Монгол Улсын энэ оны төсвийг тодотголыг баталсан тохиолдолд ойрын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 670 мянган төгрөг болгох шийдвэр гаргах шаардлагатай болно гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газраас ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоохоор тодотголын төсөлд тусгаад буй юм. 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг бол 15 хувиар нэмэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах багц ажлыг тусгажээ. УИХ-ын чуулганы энэ сарын 28-ны хуралдаанаар төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлэгт хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлээд байгаа юм. Харин байнгын хороод өнөөдөр хуралдаж, төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Тэтгэвэрийн доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас илүүгүй байна гэсэн зарчим үйлчилдэг. Тиймээс тэтгэврийн доод хэмжээг дагаад цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ч төсөвт ихээхэн ачаалал ирнэ хэмээсэн юм.
Ийнхүү Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.