Хөдөлмөрийн сайд тушаал гаргаснаар өчигдөр 21 аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлуудыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Ийн олноор нь нэгэн зэрэг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан шалтгааныг тус яамнаас лавлахад “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарын дийлэнх нь түр орлон гүйцэтгэгч нар байсан. Төрийн албаны хуульд нийцүүлэхийн тулд түр орлон гүйцэтгэгч нарыг чөлөөлж, сонгон шалгаруулалт зарласан” гэсэн хариулт өглөө. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаныхаа дараа яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг шинээр томилсон юм. Гэхдээ Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилохдоо жинхлээгүй, түр орлон гүйцэтгэгчээр томилж байжээ. Үндсэндээ 2.5 жилийн хугацаанд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь түр орлон гүйцэтгэгч байсан аж. Үүнтэй холбоотойгоор аймгуудын Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлууд мөн жинхлэгдэж чадалгүй түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь шинэ сайд томилогдох хүрээнд “шахагдсан” нь энэ бололтой. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажлыг сургалтын албаны даргад, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарын ажлыг ахлах мэргэжилтэнд нь түр хариуцуулжээ.