Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Бавуугийн Лхагвасүрэн гуайн гэрт шинийн тавны өдөр яваад орлоо. Гэрээр нь дүүрэн хүн сууцгааж байна. Орчуулагч Ж.Нэргүй гуай босоод зогсчихсон саяхан Дорнод аймагт болж өнгөрсөн “Болор цом”-ын сонин сайхныг ярьж байв. Мань эр “Энэ жилийн “Болор цом”-ын тэргүүн шүлэг болбоос дадайст шүлэг гэж Б.Батсайхан өөрөө хэлж байна. Дадайзм гэдэг нь гэнэн хүүхдийн сэтгэлээр ертөнцийг хардаг модернист урсгал юм байх” гээд л гар хуруугаа гозгонуулаад ярьж өгч байна. МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж байсан Р.Самдандовжид ярианд нь оролцон “Болор цом”-ын эргэн тойрныг ярьж байв. Харин Алтан унжлагат хэмээх тахиа жилийн босгон дээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртсэн яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай гэрийнхээ хойморт тамхиа цэнхэр утаа суунаглатал баагиулан суух аж. Гэргий С.Баасан нь ирсэн зочид гийчдэд үйлчлээд тун завгүй. Ингээд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй ярилцсанаа хүргэе.
-Хөдөлмөрийн баатар болсонд юуны өмнө баяр хүргэе. Хөдөлмөрийн баатар болж байгаа гэдгээ хэдийд мэдсэн бэ. Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?
-Одоогоос найман жилийн өмнө намайг Нийслэлийн иргэдийн хурлаас хөдөлмөрийн баатарт зөвшөөрсөн бичиг гарч байна гэж сонсогдсон. Тэгээд л сураггүй болчихсон. Болоогүй л юм байлгүй гэсэн юм бодоод өнгөрсөн. Тэгсэн цагаан сарын өмнө Монголын төр Хөдөлмөрийн баатар болголоо. Шагнал авахаас хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ц.Баярсайхан ярьсан. Ямар шагнал өгөх гэж байгаа гэдгээ тодорхой хэлээгүй. “Та хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд л яваад очсон. Шагнал авахаас өмнө хүмүүс мэдчихээд баяр хүргээд эхэлсэн. Ингээд яваад очтол Хөдөлмөрийн баатар болж байгаа Ерөнхийлөгчийн зарлигийг хамгийн түрүүнд уншсан. Монголын уран зохиолд оруулж байгаа хувь нэмэр гээд л маш тодорхой хэлсэн. Үүнийхээ дараа Өнжүүл сумын харьяат Бавуугийн Лхагвасүрэнд хөдөлмөрийн баатар цол олголоо гэсэн. Өнжүүл сумын гэж хэлэнгүүт хачин их баярласан. Дээшээ нэг юм огшоод л ирж байгаа юм. Нутаг гэдэг яасан ч хүчтэй зүйл байдаг юм бэ. Би чинь уул, аав хоёроороо овоглодог юм байна гэж бодогдоод хязгааргүй их баярласан даа.
-Таны хамгийн их баярлаж байсан цаг мөч хэдийд вэ. Анх сэтгүүлд хоёр шүлгээ хэвлүүлчихээд баярлаж байсан. Дараа нь төрийн шагнал авч байхдаа их баярлаж байсан гэж ярьсан байдаг?
-Тийм ээ. Төрийн шагнал авахдаа үнэндээ маш их баярлаж байлаа. Лүнгийн сургуулийн тавдугаар ангид байхад утга зохиолын дугуйлан хичээллэдэг байлаа. Аймгийн Туул гээд сэтгүүл гардаг байсан юм. Тэр сэтгүүлд хэдэн шүлгээ явуулсан. Тэгсэн Хоолонд, Оргил гэсэн нэртэй хоёр шүлгийг минь хэвлэчихсэн байсан. Аав минь миний хоёр шүлэг аймгийн “Туул” сэтгүүлд хэвлэгдсэн байсныг уншаад сүрхий баярлаж билээ. “Миний хүү шүлгээ бичээд бай. Миний хүүгийн шүлэг аймгийн “Туул” сэтгүүлд гарсан байна” гээд л их баярлаж байлаа. Ингээд долдугаар ангиа төгсөөд хот орсон. Шүлгээ бичээд л, зургаа зураад л яваад байсан. 1962 оны намар Зохиолчдын хороон дээр шүлгээ бариад очлоо. “Намар цагийн сар”, “Багийн шархнаас асгарсан дурьдатгал”, “Миний хэлний зүй” гэсэн аар саархан хэдэн шүлэг байсан юм.
Тухайн үед авч явсан хэдэн шүлгээ С.Дашдооров гуайд уншуулахаар өглөө. Тэгсэн удалгүй шүлэг маань хэвлэгдээд гарчихдаг юм байна. Тэгсэн “Нэг их авьяастай хүүхэд гарч ирж байна” гээд л утга зохиол, яруу найргийн хүрээнийхэн шуугиад эхэлсэн. Тэрийг дагаад алдар, хүнд ч ирсэн. Эрт ирсэн магтаалаас болоод би 1982 он хүртэл номоо гаргаж чадаагүй. Тэгсэн Монголын зохиолчдын эвлэлийн нарийн бичгийн дарга нарын хурал дээр Явуу багш “Энэ хүүхдийн номыг гаргачих юмсан” гэж хэлсэн. Тэгээд л “Уянгын тойрог” гэх нэртэй жижигхэн номоо анх гаргаж байлаа. Анхныхаа номыг гаргаад хоёр жилийн дараа “Цагаан тэнхлэг” номоо гаргасан. Анхны номыг бодвол арай зузаан. Гэхдээ жижигхэн ном байсан даа. Ингэж л шүлгийн түүвэр бэсрэгхэн хоёр номоо гаргаж байсан түүхтэй. Тэгсэн 1990 онд хоёрхон ном гаргасны төлөө надад Төрийн шагнал өгсөн юм. Төрийн шагнал авч байгаа гэдгээ сонсоод гайхах баярлах тэгэхэд л их зэрэгцэж байсан. Тэр үед баярлахаасаа илүүтэй гайхах нь давуу байсан. Өөрөөр хэлбэл, би шагналд бэлтгэгдсэн хүн биш. Шагнал хүссэн хүн биш байсан болохоор хязгааргүй их баярлаж байсан даа.
-Төрийн шагнал авч байгаа гэдгээ яаж мэдсэн бэ. Зохиолчдын хорооны үүдний өрөөнд анх мэдсэн гэдэг байх аа?
-Төрийн шагнал авах гэж байгаагаа мэддэг өдрийн өглөө Зохиолчдын хорооны жижүүрийн хажууд сууж байсан юм. Тэгсэн зохиолч Д.Мягмар гуай “Төрийн шагналын хуралд явлаа. Чи хүлээж байгаарай” гэж хэлчихээд гараад явсан. Тэр жил төрийн шагналыг ард түмнээс захидал авч байж өгсөн юм. Хэр олон хүсэлт захидал авсан хүнд шагнал өгсөн байдаг. Би өөрийгөө төрийн шагналд нэр дэвшчихсэн гэдгийг мэдчихсэн байсан. Тийм болохоор хороон дээр хүлээгээд сууж байтал 10:00 цаг өнгөрч байхад Д.Мягмар гуай ороод ирсэн. Тэгснээ “За би чамайг нэг үнсчихье. Чи төрийн шагнал хүртлээ” гэж хэлж билээ. Зохиолчдын хорооны жижүүрээр Нанзадын Надмид гэж зохиолч ажиллаж байлаа. Ингэж л төрийн шагнал авсан гэдгээ зохиолчдын хорооны жижүүрийн ширээний хажууд сонсож байлаа. Түүн шиг сайхан эгшин байгаагүй. Одоо болтол миний санаанаас ер гардаггүй юм. Тэр жил Р.Чойном, Ш.Гаадамба гуайд нэхэн олгож, Хөгжмийн зохиолч Хангал бид дөрөв авч байлаа. Намайг авах үед аав минь амьд сэрүүн байсан юм шүү дээ. Аавдаа төрийн шагнал авлаа гэдгээ хэлсэн. Ганц хүү нь шагнал авч байхад миний аав баярлалгүй яах вэ. Жигтэйхэн өмөлзөөд л үнсээд л сүйд болж байсан даа. Аавдаа би төрийн шагнал авснаа үзүүлсэн. УИХ-ын гишүүн байснаа ч үзүүлсэн. Миний хүү ийм багцааны амьдрах юм байна гэдгийг ойлгоод л бурхны оронд одсон байх даа. Харин ижий минь намайг зураач л болох болов уу гэж бодож байсан байх.
Ижийгээ амьд ахуйд номын зураг зураад л явдаг байсан. Би найзуудынхаа, үеийнхнийхээ бүгдийнх нь номны зургийг зурж өгсөн хүн шүү дээ. Зураачийн амьдралаар л явдаг байсан цаг үе юм. Ижий минь амьддаа миний бичсэн ганцхан юмыг уншсан. Тэр үед миний гэргий нисэх клуб төгсөөд шүхрийн спортоор хичээллэж байлаа. Тэгээд “Шүхэр цэцэг” гээд найраглал бичээд “Улаан од” сонинд тавьсан. Тэр шүлгийг ижий минь хүнээр уншуулсан байсан. Тэгээд л их баярласан байх. Хүүгийнхээ талаар зураг зурах юм байна. Шүлэг ч бичих байх гэсэн тоймтойхон бодолтой л 44 –хөн насандаа өөд болсон. Ижийдээ ямар хүү болохоо үзүүлж чадаагүй азгүй л үрийн нэг дээ гэж одоо бодож явдаг. Гэхдээ яах вэ элдвийн хэл аманд орж ижийнхээ ясыг өндөлзүүлээгүй. Үүндээ баярлаж явдаг хүн дээ, би. Хоёрхон номоор төрийн шагнал авна гэдэг санаанд багтахгүй л зүйл байсан. Бусад хүний санаанд ч ороогүй байх. Алдар хүнд надад эрт ирсэн. Тэрнээс хойш Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн болсон. Тамгагүй төр жүжгийг Монгол Улсын Ерөнхийлөгч үзээд маргааш нь надад Соёлын гавьяат өгч байсан. Шагналуудыг ч авсан даа. Сая монгол одонгийн дээд Сүхбаатарын одон хүртлээ. Амьд байх гэдэг яасан ч сайхан юм бэ гэж бодож сууна даа, ах нь.
-Хөдөлмөрийн баатар болчихоод гэртээ ирэхэд юу бодогдож байсан бэ. Унасан газар, угаасан ус, аав, ээжийнхээ тухай илүү их бодсон байх?
-Миний хүүгийн зурсан аавын минь хөрөг байдаг юм. Хаана ч очсон нүд нь дагуулж хараад байгаа юм шиг зурсан зураг бий. Тэгээд л аавынхаа зурагны өмнө удаан зогссон. Тэр үед миний аав “Шагнал авдаг сайн хүү шүү” гэж баярлаагүй байх. “Яахав дээ, миний ганц хүү хүний дайтай яваа юм байна” гэж баярласан байх гэж бодогдож байна лээ. Намайг алдартай том хүн байхаас илүү амьд, эрүүл саруул байхад минь илүү их баярладаг хүн байсан. Хүний эцэг, эхэд энгэртээ одонтой ч бай одонгүй ч бай үрээ харж л байвал хамгийн үнэтэй байдаг байх гэж л ойлгосон. Миний аав тийм л хүн байгаа юм. Ижий минь ч гэсэн тэгэх л байсан байх. Ганцхан хүүтэй хүн чинь хүүгээ амьд байхыг л юу юунаас илүү чухалчилдаг болохоос хүний дээр яваасай гэж боддоггүй байх.
-Таны хүүхэд насны талаар асуумаар байна. Мэдээж Монголын төрт ёсны баяр цагаан сарын баяр болж байна. Таны хүүхэд ахуйн цагаан сар хэрхэн болдог байв?
-Аав минь улсын хянан шалгах газарт ажиллаж байсан юм. Тэгсэн ижийгийн бие өвдөөд тааруу байсан. Намайг долоон настай байхад ээж хагалгаанд орсон юм. Ингээд агаар салхинд гаргана гээд намын илгээлт аваад хөдөө гарсан байдаг. Аав Төв аймгийн Лүн сумын Сум нэгдлийн даргаар очсон. Тэнд л би долдугаар анги төгстөлөө байсан. Лүн сум миний хоёр дахь нутаг. Лүн миний өссөн нутаг, ухаарсан газар. Тийм болохоор би их хайртай байдаг юм. Туул гол сумын төвийн урдуур тохойрч урсаад л даанч сайхан нутаг. Хуучнаар Хүнцэлцавчидхан уулын хошуу Мэргэн Алтгантайн сум гэж байсан юм билээ. Да лам Цэрэнчимэд, улс төрийн зүтгэлтэн агуу Төмөр-Очир гуайн төрсөн нутаг шүү дээ. Ном эрдмийн судалтай газар. Сайхан уул усан дунд өссөн дөө. Намайг бага байхад цагаан сарыг малчдын баяр гэж тэмдэглэдэг байсан. Одоог бодвол хөдөө юм болохоор идээ цагаа элбэг дэлбэг байсан. Гэхдээ одоогийнх шиг идээ цагаа нь эрээн алаг биш байлаа. Сумын төвийн хүүхдүүд айл болгоноор орж бэлэг авна. Намайг хүүхэд байхад цагаан сар дутуу юмгүй сүлэлдсэн сайхан баяр болдог байлаа. Нутгийнхаа хүүхдүүдтэй нийлээд л сумын төвийнхөө айл болгоноор ордог байж. Нэг зүйлийг яримаар санагдаж байна. Гэхдээ цагаан сартай холбож байгаа юм биш шүү. Намайг багад нялуундуу яриатай айлын эгч нар байдаг юм. “Хөөрхий Бавуу даргын ганц хүү. Хөөрхий минь гэж” гээд л чихэр атгаад өгч байгаа эгчийн чихэр цөөхөн байдаг.
Тэгэхэд “За нусаа гоожуулсан золиг зүггүйтээд л байгаарай чи” гээд загнаад өгч байгаа айлын эгчийн чихэр их элбэг байдаг байсан. Загнаж байгаа эгчийн өгсөн чихэр атга дүүрдэг. Нялуурч аргадаж өгсөн эгчийн чихэр цөөхөн юм шиг санагддаг байлаа. Хүүхэд байхдаа үүнийг их мэдэрдэг байсан даа. Хүмүүний зан чанарын орчлон тэндээс эхэлдэг юм болов уу даа. Миний хүн танихын орчлон тэндээс эхэлсэн юм болов уу гэж боддог. Ширүүн дуугарсан, зандарсан болгон хайр байдаг юм байна гэдгийг л тэндээс ойлгосон. Одоо үед хүн муу хэлүүлэх дургүй, дандаа магтуулж байх санаатай болжээ. Гэхдээ хүн ямар ч том хүн боллоо, ямар ч өндөр албан тушаалд очлоо ч гэсэн алдаагаа хэлүүлэхээс айдаггүй байх ёстой. Чиний алдааг хэлж байгаа, чиний бурууг ярьж байгаа хүн чамд хязгааргүй элэгтэй хүн гэдгийг ойлгож аваасай гэж боддог юм. Миний зан чанарын орчлон таних зүйл өчүүхэн юмнаас л эхэлсэн нь энэ дээ.
-Та өөрийнхөө утга уран зохиолд оруулсан багш нарынхаа талаар дурсан ярих уу. Б.Явуухулан багшийнхаа талаар бичсэн дурдатгал байдаг?
-Миний анхны номыг өлгийдөж авсан хүн гэвэл Бэгзийн Явуухулан. Миний номыг редакторлосон хүн. Багшийнхаа талаар бичсэн “Хөөрхий” гээд дурдатгал байдаг. Намайг шүлэг яруу найраг бичиж эхэлсэн тэр үед сайд нарын зөвлөлийн 312 дугаар тогтоол гэж уран бүтээлийн тогтоол гээд маш тодорхой бичсэн тогтоол байдаг байв. Нэг мөр шүлэг хэвлүүлэхэд 1-5 төгрөг. Нэг хэвлэлийн нүүр бол 8001100 төгрөг гээд үнэлгээг нь тогтоочихсон. Маш сайхан тогтоол байсан. Хэвлэгдсэн шүлэгнүүд дээр редактор үнэлгээг нь тавина. Тогтоолын дагуу миний хэвлэгдсэн шүлэгнүүд дээр Явуу багш минь дүн тавьсан. Багш дандаа тав тавьсан байсан. Ганцхан “Жаргалын мянган татлага” найраглал дээр дөрөв тавьсан байсан. С.Баасан бид хоёр анхныхаа номыг хэвлүүлээд 7000 мянга гаруй төгрөг авсан. Гар дээрээ тавьж үзээгүй их мөнгө тухайн үедээ авч байлаа. Гэртээ зурагт, хөргөгч аваад л сайхан байж билээ. Уран бүтээлийн үнэлгээ тийм хатуу чанга. Спорт гээд жижигхэн клише бичихэд л 17 төгрөг авна. Над шиг олон хүүхэдтэй хүнд хоёр өдрийн хоолны мөнгө болдог байлаа. Социализмын үед хийсэн хүндээ тэгж сайхан өгдөг байжээ. Явуу багш миний “Элий” гэдэг шүлэгний ард ганцхан “Хөөрхий” гэдэг үгийг тавьсан байсан.
Уулын хэцийн салхинд сүүлний ширэлдээ задалж
Усан дээр буусан саранг тэнцүү хуваан залгилж
Адуу ингэж нэгэн гүүний унага мэт явав ч
Овоон дээр тавьсан алиныхаа яснаас түрүүлж үргэж явах бол доо гэж дууссан юм. Тэгсэн Явуу багш “Бол доо хөөрхий” гэж тавьсан байсан. Нэмж бичсэн үгийнхээ талаар надад юу гэж хэлсэн бэ гэвэл “Нөхөр минь бол доо гэхээр хараал байна шүү дээ. Тавлаад байна шүү дээ чи. Хөөрхий гэж хэлэхгүй бол болохгүй” гэж хэлсэн. Агуу их мэдрэмж гэдэг чинь энэ байхгүй юу. Тэр үед толгой руу цохиод авах шиг л болсон доо. Тэгж л редакторлож өгсөн. Миний анхны номны оршилд их сайхан зүйл бичсэн. Явуу багш надад их сайн байсан. Үүнийг мэдэх хүмүүс байгаа л байх. Дурдатгал, дурсамж худлаа болсон өнөө цагт мэдэхгүй нэг нь алдартай хүний нэрийг бурхан болсон хойно нь сайхан ашиглаж байна даа гэж хэлэх байх.
-Таны зарим нэг зан байдлыг харахаар аархуу хүн юм уу гэж харагддаг. Дархан аварга “Хаях би яараагүй байхад унах чи юунд нь яардаг юм” гэж наадмын талбай дээр аархаж явсан шиг шүүгч нь зөв шүүдэг юм бол энэ жилийн “Болор цомд” би түрүүлнэ гэж хэлж явсан удаатай?
-Хүн хаанаас эхэлдэг вэ гэхээр эцэг, эхээс гадна өөрийгөө танихаас эхэлдэг юм гэдгийг би эрт анзаарсан хүн. Би өөрийнхөө дотогшоо чимээлдэг. Залуу цагт өөрийгөө тоосон хүн байгаагүй юмаа. Өөрийгөө харин хүндэтгэдэг байсан. Яагаад ч юм бэ өөрийгөө яруу найрагч болчих юм шиг боддог байлаа. Зураач болно гэдгээ аль эрт мэдэрсэн. Яагаад гэвэл удамшил байдаг юм. Миний дөрвөн хүүхэд зураач, миний ач нар хүртэл зураач, гарын дүйтэй юм. Яруу найраг гэдэг чинь өөрөө омголон зан нэхдэг. Яруу найрагчдын онгирч байгаа, сагаж байгаа алдаагаар хүмүүс хооллож, муу хэлж байгаад би дургүй. Тэр их тааруу хоол байх гэж боддог. Тэд онгирохоос, дарвихаас, огшихоос өөр арга байхгүй улсууд. Яруу найрагчид согтуу байсан ч заавал үнэтэй үг хэлдэг юм шүү.
-Таны Монголын утга зохиолын салбарт хийж бүтээсэн зүйлсийн талаар асуумаар байна. Та өөрийгөө юу хийж, бүтээсэн гэж боддог вэ?
-Би зохиолчдын хорооны даргаар гурван жил ажилласан. 13 хүүхдийг Багшийн дээдэд утга зохиолын анги байгуулаад оруулж байлаа. Миний оруулсан шавь нар Монголын уран зохиол, яруу найргийн салбарын өнгөнд нь явж байна. Зохиолчдын хорооны даргаар ажиллаж байхдаа нэг удаагийн хурлаар 36 зохиолчийг шагнуулж байлаа. Бадраа, Нямдорж нартаа байшин авч өгч байсан юм. Хүн хийсэн юмаа ярих сайн ч юм биш. Гэхдээ асуусан болохоор хариулъя. Монголын уран зохиол, театр урлагийн салбарт өөрийгөө булган сүүлтэй байсан гэж бодож явдаг. Яагаад ингэж бардам хэлж байгаа юм бэ гэхээр миний “Илдэн уулсын цуурай”, “Зүүдний говь” бүтээлээр хөгжлийн зохиолч Ц.Чинзориг төрийн шагнал авсан. Миний “Ламбугайн нулмис” дууриар Х.Билэгжаргал төрийн шагнал, найруулагч Б.Баатар “Атга нөж” жүжиг найруулсныхаа төлөө, Д.Сосорбарам Чингис хааны дүрд тоглосныхоо төлөө төрийн шагнал хүртэж байлаа. Тэгэхээр би булган сүүлтэй байсан гэж бардам хэлж, бодож явдаг. Би найман хүүхэлдэйн жүжиг бичсэн байна. Драмын жүжиг арав гаруй, дуулалт жүжиг есийг, кино тавыг, дуурь нэгийг, ард түмэн амандаа хүлхэж явдаг 60 гаруй дууны шүлэг бичсэн. Энэ мэтээр тоог нь нийлүүлээд байх юм бол нэлээд юм болдог юм байна. Германд миний “Тэнгэрийн цоорхой” гээд ном хэвлэгдэж гарсан. Солонгост хоёр ч шүлгийн түүвэр гарсан. Хятадад мөн л шүлгийн түүвэр хятад хэлээр гарсан байна лээ. Миний шүлгийн түүврийг орчуулсан орчуулагч тэр жилийнхээ орчуулагчдын дээд шагнал хүртсэн. Жижиг сажиг шүлгүүд олон оронд орчуулагдаж хүмүүст хүрсэн байдаг. Солонгосын хоёр том сургууль дээр очиж уулзалт хийсэн. Германы зургаан хотод уулзалт хийсэн гээд яриад байвал хийсэн ажил их бий. Хүмүүс намайг юу ч хийгээгүй хүн гээд ярьдаг л юм байна лээ. Гэхдээ энэ болгонд гомдох юм байхгүй. Дэлхий шигээ алаг амьдрал, өдөр шөнө болдог шиг сайн муугаар хэлүүлж яваад дуусдаг юм.
-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна даа?
-Би жил бүр ижийдээ зориулаад нэг дуу хийчихдэг юм. “Сүүгээр бүтсэн бурхан ээж”, “Ижий минь дэргэд байвал” гээд л ээжийнхээ тухайн хийсэн дуу олон бий. Саяхан ижийнхээ тухай бичсэн нэг шүлэгт ая хийлгэхээр хөгжмийн зохиолч Б.Бямбабаярт өгчихсөн. Удахгүй сайхан дуу төрөх байх. Монголд танго их цөөхөн юм гээд Л.Балхжавт “Үзэсгэлэнт минь” гээд дууны шүлэг өгсөн. Л. Балхжавын төгөлдөр хууран дээр миний шүлэг байж байгаад дуу болсон бололтой. “Харанга” хамтлагийн Х.Лхагвасүрэн дуулаад л байна. “Угтаалцайдамын Хадаа” гээд миний бичсэн шүлгээр хөгжмийн зохиолч Эрдэнэчулуун ая хийсэн. Дуучин Л. Банзрагч дуулж магадгүй гэсэн сураг гарч байна. Миний хувьд ижийгээ бодож хийсэн бүтээл их үнэтэй болдог. Ижийгээ бодож гарсан өглөө зорьсон ажил минь сайхан бүтдэг. Ижий минь сонсохгүй ч гэсэн дуу хийе гэж бодоод л хийдэг юм.
-Та “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо ардын дуу шиг дууны шүлэг бичих юмсан гэж дандаа боддог гэж ярьж байсан?
-Өдөрт би мөр тавихгүй өнжиж чаддаггүй. Өвчнөөр ярих юм бол шүлэг бичих дон минь хүнд үедээ орчихсон. Миний шүлэг бичих дон архаг. Үүнийг үхэл л эдгээх болов уу гэж бодож байгаа. Ардын дууны шүлэгтэй дүйх сайхан шүлэг бичиж чадахгүй юм байна лээ. Хүн чадахгүй юмаа шуудхан хэлчих хэрэгтэй. Ардын дууны шүлэгтэй дүйх шүлэг бичдэгсэн бол дээлэндээ битгий хэл дэлхийд багтахгүй явмаар байна. Ийм ухаантай ард түмний хэчнээн жил билүүдчихсэн хоёр талдаа иртэй хутга шиг тийм дуу хийж үзэхсэн гэж дандаа боддог. Монголын ардын дууны яруу найраг гэдэг агуу. Хүн сөгдөх юмандаа сөгдөж, чадахгүй юмаа чадахгүй гэдгээ хэлэх ёстой.
-Хүмүүс таны тухай ярих бүртээ таны нэрний өмнө дандаа аавын тань нэрийг байнга хэлдэг. Танд ямар санагддаг вэ?
-Эцгийн минь нэрийг өдөрт миний нэрнээс илүү хэлэх юм даа. Уулзсан хүн бүр эцгийн минь нэрийг маани шиг л хэлдэг. Аавынхаа нэрийг хэлүүлэх их сайхан байдаг. Аавыг минь таньдаг байсан хүн тааралдаасай, ижийг таньдаг хүн тааралдаасай гэж боддог. Жоохон хүүхэд хүртэл Бавуугийн Лхагвасүрэн гээд л хэлдэг. Үүнд их баяртай байдаг.
-Яруу найрагч, зохиолчоос гадна аав хүнийхээ хувьд та ямар хүн бэ?
-Хэдэн хүүхдэдээ нэг их сайн эцэг байгаагүй байх. Гэхдээ айхын бараа байсан. Хүүхдүүдээ нэг их загнаад байдаггүй. Бүр муухай ч харж чаддаггүй хүн шүү дээ. Ганц хүний хүүхэд байсан болоод ч тэрүү олон хүүхэдтэй байх сайхан. Айлын ганц хүү гэдэг бол баярлах гуних хоёрт л ганцаарддаг. Ганцаар газар дүүрнэ гэж ярьдаг. Одоо олон сайхан үр хүүхэдтэй болсон. Ач нар маань хүүхэд гаргаж байна шүү дээ. Олон гучтай болж байна. Хасар Францаас ярьж байна. “Аав аа, хүн чинь хүүхэд дээрээ давтагддаггүй юм байна” гэж хэлсэн. Тэгснээ “Ач дээрээ их давтагддаг юм байна. Миний хүү яг та. Ааш араншин бүх юм нь таныг дуурайчихсан байх юм” гэж ярьж байна лээ.
-Та Монгол орныхоо талаар юу гэж бодож явдаг вэ. Энэ талаар асуугаад энэ удаагийн ярилцлагыг өндөрлөж байна.
-Аль ч газар нь ямар ч цэцэг ургадаг шиг хаанаас нь ч суут ухаантан төрдөг дэлхийн магнай газар гэж Монгол орноо боддог.