Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн IV сарын 28-ыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Манай улс 2012 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг угтан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” өрнүүлж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жилийн сарын аяныг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор зохион байгуулна.
Энэхүү сарын аян зохион байгуулах ажлын хэсгийг аймаг, нийслэл, дүүрэгтээ байгуулж, төлөвлөгөө гарган ажиллах, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс сарын аяны үйл ажиллагааг хариуцан, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд зэрэг газрыг өргөн хүрээнд оролцуулан орон нутагт үр нөлөөтэй хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж байна.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах арга хэмжээний 2015 оны чиглэлийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хурлаас дэмжиж, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгууллаа.