Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээ өнөөдөр эхэллээ.
Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) болон МҮЭХ энэ оны нэгдүгээр сарын 19-нд дөрвөн бүлэг 49 заалт бүхий хэлэлцээр байгуулсан. Гэвч Засгийн газар иргэдийн цалин хөлсийг нэмэх, иргэдийн нийгмийн хамгааллын түвшинг дордуулахгүй байх заалтыг хэрэгжүүлэхгүй байна хэмээн үзэж МҮЭХ-ноос нэмэлт хэлэлцээр байгуулах асуудлыг хөндсөн юм. Мөн энэ асуудлаар хөдөлмөрийн хамтын маргаан үүсээд байгаа төдийгүй боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Энэ дагуу шинээр байгуулагдсан Засгийн газар нэмэлт хэлэлцээ байгуулах асуудлыг шуурхай эхлүүлж байгаа юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлэхдээ “2014 онд Монгол Улсад ядуурлын түвшинд 640 мянган иргэн байсан бол 2016 онд 904 мянга болж, хүрээгээ тэлсэн байна. Тиймээс хүн амын нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт тулгамдсан асуудал болоод байгаа юм. “Төрийн албан хаагчийн дундаж цалин хувийн хэвшлийн ижил албан тушаалын цалингаас тав болон түүнээс доогуур байвал цалин нэмэх арга хэмжээ авна” гэсэн заалт Төрийн албаны тухай хуульд бий. Гэтэл өнөөдөр цалингийн зөрүү 27.3 хувьд хүрсэн байна.Тиймээс Засгийн газар МҮЭХ-ны шаардлагыг хүлээн авч, нэмэлт хэлэлцээ байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Засгийн газраас төрийн албан хаагчийн орлогыг нэмэх, үйлчилгээний албан хаагчдад шинэ төрлийн нэмэгдэл цалин олгодог байх, нийгмийн даатгалын болоод халамж, хүүхдийн мөнгөний хэмжээг нэмэх, бага насны хүүхдээ хараад ажилгүй байгаа ээжүүдэд тэтгэмж олгодог байх зэрэг олон асуудлыг өнөөдрийн хэлэлцээгээр хөндөж, МҮЭХ болон МАОЭНХ-ны удирдлагуудтай санал солилцоно. Ялангуяа Ажилгүйдлын даатгалын сангийн менежментийг боловсронгуй болгох, ажлаас халагдсан иргэдэд нэмэлт ур чадвар олгох, шинэ мэргэжил эзэмшүүлэх чиглэлд хамтран ажиллах нь зөв гэж үзэж байгаа. Төрийн албан хаагчийн цалингийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Одоогийн мөрдөж байгаа цалингийн тогтолцоо 1995 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин цалин хөлсийг ажлын ачаалал, үр дүн, ур чадварт тулгуурлан ялгаатай олгодог тогтолцоонд шилжих цаг болсон. Энэ ажил эрүүл мэндийн салбарт эхэлсэн. Харин боловсролын салбарт харьцангуй хоцрогдолтой байгаа. Гэхдээ улс орны эдийн засаг хүндрэлтэй байна. Ирэх оны нэгдүгээр сард бид Чингис бондын 500 сая ам.долларын өр төлнө. Өмнөх Засгийн газар ОУВС-тай гэрээ байгуулахдаа 2017-2018 онд төрийн албан хаагчийн цалинг нэмэхгүй байхаар заасан. Нэгэнт Засгийн газар гэрээ байгуулсан тул энэ гэрээг зөрчихгүйгээр асуудлыг шийдвэрлэх гарцыг хайх ёстой. Засгийн газар энэ долоо хоногт 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Энэ үед нэмэлт хэлэлцээг эхлүүлж байгаа нь туйлын чухал” гэлээ.
АОЭНХ төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг дэмжиж байгаа аж. Гол нь хувийн хэвшлийн нуруунд ачаалал үүрүүлэхгүйгээр шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар онцлов.
Тэрбээр, “Төр бол 183 мянган хүний ажил олгогч. Эдгээр иргэдийн цалинг нэмэх шаардлагыг шийдвэрлэхээр сууж байна. Нөгөөтэйгүүр МҮЭХ бол зөвхөн төрийн албан хаагч бус хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж буй иргэдийн эрх ашгийг ч хамгаалдаг. Хувийн эмнэлэг, сургуульд нийт 42 мянган багш, эмч ажиллаж байгаа. Эдгээр хүмүүсийн цалин хөлсийг нэмэх боломж хувийн хэвшилд тун хомс. Тиймээс асуудлыг хоёр талаас нь авч үзэхгүй бол хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлтэй. Тиймээс гурван тал харилцан ойлголцож, нэг нэгнээ хүндэтгэн, улс орныхоо эдийн засгийн бололцоонд тулгуурлан энэ асуудлыг шийдвэрлэхийг уриалж байна” гэлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаад хоёр хонож байхдаа нэмэлт хэлэлцээг зохион байгуулж байгаад талархаж буйгаа МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар илэрхийлэв. МҮЭХ нэмэлт хэлэлцээг эхлүүлэхийг энэ оны тавдугаар сараас шаардсан ч Засгийн газар хэт удаан ажилласан гэдгийг мөн дурьдсан юм.
Тэрбээр мөн “Энэ удаагийн хэлэлцээ нилээд хүндхэн нөхцөлд болох байх. Өнгөрсөн хугацаанд Монголын улс төр, эдийн засгийн байдал ямар хэмжээнд байсныг бүгд мэдэж байгаа. Тиймээс МҮЭХ маш хүлээцтэй хандаж, тогтвортой байдлыг хадгалж ирсэн. Засгийн газар цалин хөлсийг нэмэх, хүн амын орлого, нийгмийн хамгааллын түвшинг дордуулахгүй байх үүргээ биелүүлээгүй тул бид цуглаан зохион байгуулахаас эхлээд бусад тэмцлийн аргыг хэрэглэж байна. 2015 онд Засгийн газар цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхээр 90 тэрбум төгрөг төсөвт суулгаж байсан ч үүнийгээ хэрэгжүүлж чадаагүй. Тухайн үед С.Чинзориг мөн Хөдөлмөрийн сайдаар ажиллаж, бидний хүсэлт шаардлагыг хүлээн авч, 90 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж байсан юм. Энэ удаад ч биднийг дэмжиж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.
Мөн өчигдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга хөдөлмөрийн маргаан дээр ажиллах арбитруудыг томилсон. Нэмэлт хэлэлцээ эхэлсэн гээд хөдөлмөрийн маргаан зогсохгүй. Цаашид үргэлжилж, хуулийн дагуу шийдэгдэх болно” гэлээ.
Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх арбитрыг томилохдоо Засгийн газар, МАОЭНХ-ноос санал авах ёстой. Гэвч Сүхбаатар дүүргийн Засаг дарга дээрх хоёр талаас санал авалгүйгээр арбитр томилсон тул энэхүү үйл ажиллагаа хуулийн хүрээнд явж буй эсэхийг шалгах шаардлагатай гэдгийг С.Чинзориг сайд тайлбарласнаар хэлэлцээр хаалттай горимд шилжив.
Хэлэлцээрийн дараа гурван тал хамтран дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.