Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Худлаа ярьсан чинь баригдаад…

Фэйсбүүк, твиттер хоёроос болоод захиралдаа, эхнэртээ, нөхөртөө худлаа яриад баригдсан жишээ олон байна шүү. Багын найз маань саяхан найзуудтайгаа салхинд гарахаар болж дарга руугаа “Бие өвдөөд босч чадахгүй халуураад байна. Өнөөдөр эмнэлгээр явахаас” гэж амьсгаадаж ярагласан хүн ярьжээ. Дарга нь ч сандарч “Яаж туслах уу. Мөнгө төгрөг байгаа юу. Таньдаг эмчдээ хэлж өгье” гээд сүйд болж. Гэтэл тэр өдөр нь даргаас дуудлага ирж гэнэ. Манай хүн ч яахав өрөвдүүлэх санаатай нам дуугаар ярьж эхэлтэл захирал нь ууртайгаар “Чи худлаа ярьснаа нууя гэвэл найзаасаа нэг зүйл гуй. Фэйсбүүктээ миний зургийг битгий тавиач гэж хэл дээ” гээд утсаа салгачихаж. Мань эрийн найз амралтанд олуулаа авахуулсан зургаа фэйсбүүктээ тавьчихсан байсныг дарга нь харсан хэрэг. Их сургуулийн найзтайгаа таарсан чинь бас нэг хөгтэй явдал ярьж байна. Ажлынхантай ресторанд суухдаа эхнэртээ “Хуралтай байна” гээд худлаа ярьчихсан гэнэ. Ресторанд ид дундаа суутал эхнэр нь залгажээ. Дуу нь нэг л янзгүй сонсогдохоор нь хар авалгүй “Хурал дээр их чухал асуудал ярьж байна” гэж ажил хэрэгч царайлаад утсаа тавьчихаж. Орой юу болсон нь тодорхой. Эхнэр нь худлаа ярьж ресторанд суусныг нь мэдчихсэн байжээ. Найзыг маань худлаа хэлсний дараахан ажлын газрын бүсгүй нь фэйсбүүктээ “Ажлынхантайгаа гоё сууж байна” гэсэн тайлбартайгаар бөөнөөрөө сууж байгаа зургаа оруулсан байж. Энэ мэтээр худлаа ярьсныг нь фэйсбүүк, твиттер илчлээд байдаг болж дээ, цаана чинь.

Э.ХҮРЭЛБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *